“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг наймдугаар сарын 22-24-нд Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтууд, мөн Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 41 дүгээр тогтоолын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг.
Энэ удаагийн фестиваль нь Монголын соёлын биет бус өвийн олон төрөл, угсаатны өвөрмөц онцлогийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу “отог” хэлбэрээр харуулах бөгөөд нийт 780 хөтөлбөрт арга хэмжээ, үндэсний спортын 10 төрлийн тэмцээн уралдаан болох юм. Зочид, жуулчид соёлын биет бус өвийн баялаг уламжлалтай танилцах, өөрсдөө оролцон суралцах, шинэ мэдлэг, ур чадвар эзэмших боломжтой.
Фестивалийн үеэр аймаг, нийслэлийн отгууд, “Соёлын өвийн өртөө” үзэсгэлэн, “Нүүдэлчдийн ертөнц: Өнгөрсөн ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Жуулчны хоолны гудамж”, “Жижиг дунд үйлдвэрлэлийн” үзэсгэлэн худалдаа зэрэг олон арга хэмжээ болно. Мөн өвлөн уламжлагчдын оршин тогтнох чадварыг тодорхойлох үзлэг, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах юм.
Түүнчлэн, энэ үеэр болох “Морьт харваа”-ны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 30 гаруй улсын 120 гаруй шилдэг харваач, Монголын 15 шилдэг харваач, олон улсын зэрэглэлтэй шүүгчид, ЮНЕСКО болон Дэлхийн морьт харвааны холбооны удирдлагууд оролцоно.