2025 оны долоодугаар сарын 1-ний өдөр дуучин, жүжигчин Б.Амархүү 38 насныхаа төрсөн өдрийг угтан авч байна.
Тэрбээр урлагийн замналаа аавынхаа хөтлөлтөөр эхлүүлж, 2006 онд ОХУ-д зохион байгуулагдсан “Народный артист” дууны уралдаанд түрүүлснээр олон нийтэд танигдсан. Үүний дараа тэр “Пример министр” хамтлагийн гишүүнээр ажиллаж, олон сая шүтэн бишрэгчтэй болсон юм.
Амьдралынхаа ихэнх хугацааг Орос улсад өнгөрүүлсэн тэрбээр сүүлийн жилүүдэд Монголдоо эргэн ирж, уран бүтээлдээ идэвхтэй анхаарч байгаа. Тэрээр зөвхөн дуучнаар зогсохгүй жүжигчин авьяасаа ч харуулсан бөгөөд “Big Fish”, “Татар ажиллагаа”, “Хязгаар нутгийн зүгт”, “Зүсэм зүрх” зэрэг кинонд тоглосон нь үзэгчдийн талархлыг хүлээсэн. Мөн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож, өөрийгөө олон талт уран бүтээлч гэдгээ дахин баталсан юм.
2023 онд Б.Амархүү “Хайртай шүү, ээж ээ” нэртэй бие даасан тоглолтоо хийж, мөн нас барсан аавдаа зориулсан “Бахархал” тоглолтыг зохион байгуулсан. Харин 2025 оны гуравдугаар сард “Эрхэмсэг үдэш” нэртэй VIP тоглолтоороо сонсогч фэнүүдтэйгээ дахин уулзсан билээ.
Сүүлийн үед тэр реппер Young Mo’G-тэй хамтарсан “Бессонница”, мөн Baynaa-тай хамтарсан “Эрдэнэсийн арал” киноны дуугаар уран бүтээлээ үргэлжлүүлж байна.
Өнөөдөр 38 насныхаа босгыг алхаж буй авьяаслаг уран бүтээлч Б.Амархүүд урлагийн өндөр амжилт, амьдралын сайн сайхныг хүсэн ерөөе.