K-pop-ийн алдарт Blackpink хамтлагийн гишүүн Розе зөвхөн хөгжмийн тайзнаа төдийгүй цахим орчинд ч амжилтаараа ялгарч, Өмнөд Солонгосын YouTube-ийн хамгийн өндөр орлоготой уран бүтээлч боллоо.
Forbes Korea-ийн мэдээлснээр, Розегийн YouTube суваг 2025 онд орлогоороо бусад бүх оддыг ардаа орхижээ. Түүний сувгийг 18.1 сая хүн дагадаг бөгөөд нийтдээ 86 бичлэг байршуулж, 3.6 тэрбум гаруй үзэлт цуглуулсан байна. Ингэснээр жилд 11 тэрбум вон буюу 8.2 сая ам.долларын орлого бүрдүүлжээ.
Дэлхийн хэмжээний амжилт
- 2024 онд Бруно Марстай хамтран дуулсан “APT” хэмээх дуу нь гарсан даруйдаа YouTube дээр 100 сая үзэлттэй болж, тухайн оны хамгийн хурдан өсөлттэй K-pop бүтээлээр тодорсон.
- Тус дуу АНУ-ын Billboard Hot 100 жагсаалтын гуравдугаарт бичигдэж, эмэгтэй K-pop уран бүтээлчдийн дээд амжилтыг тогтоон, 41 долоо хоног дараалан жагсаалтад багтсан.
- Spotify платформ дээр ч дуу нь ердөө долоо хоногийн дотор 100 сая удаа цацагдсан нь Розегийн дэлхийн супер оддын нэг гэдгийг нотолсон.
Хүлээн зөвшөөрөлт
Өнгөрсөн онд АНУ-ын Times сэтгүүл Розег “оны хамгийн нөлөө бүхий 100 хүн”-ий нэгээр нэрлэсэн нь түүний дэлхий дахинд үзүүлэх нөлөөг баталсан үйл явдал болсон.
Одоо тэрээр хамтлагийнхаа охидтой хамт “Deadline” нэртэй дэлхийн хэмжээний аялан тоглолтоо хийж, хөгжмийн ертөнцөд дахин шинэ хуудсыг нээж байна.