Өмнөд Солонгосын кино урлагт өөрийн орон зай, уран бүтээлээрээ тод мөр үлдээсэн жүжигчин И Со И 43 насандаа хорвоог орхисон харамсалтай мэдээ олон нийтэд хүрлээ. Тэрбээр “Cheongdam-dong Scandal”, “The King and Killing Romance” зэрэг кино болон MBC-ийн түүхэн драма “Hu Jun, The Original Story”-д бүтээсэн дүрүүдээрээ танигдаж, үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлч байв.
Жүжигчний нас барсан тухай албан ёсны мэдээллийг 2025 оны долдугаар сарын 1-нд (KST) нийтэд зарласан бөгөөд түүнийг өнгөрөгч зургаадугаар сарын 20-ны өдөр хорвоог орхисон болохыг эх сурвалжууд онцолсон байна. Түүний үхлийн шалтгааныг гэр бүл, менежментийн зүгээс олон нийтэд дэлгэхээс татгалзжээ.
Талийгаачийн менежер Сон Су Бин сэтгэл хөдөлгөм мэдэгдэлдээ:
«Миний гэгээлэг, үзэсгэлэнтэй, хөөрхөн, эелдэг охин энэ сарын 20-ны өдөр тэнгэрт од болон харвасан болохыг мэдэгдэхийн тулд үүнийг бичиж байна. Түүнийг нас барсан тухай мэдээг сонсоод та бүхэн цочирдож, зүрх чинь шархалж байгааг би мэдэж байна. Гэхдээ түүнийг сайхан газар аваачихын тулд залбираарай» хэмээн бичжээ.
Жүжигчин И Со И 2013 оноос эхлэн телевизийн уран бүтээлд оролцож, дэлгэцийн олон дүрээрээ алдар нэрийг олсон бөгөөд түүний гэгээн дурсгал үзэгчдийн сэтгэлд мөнх үлдэх нь гарцаагүй юм.