Хөгжмийн ертөнцийн хамгийн дуулиантай хэрэгт тооцогдож буй P. Diddy-ийн шүүх процесс АНУ-д олны анхаарлыг татаж байна. Хип-хопын ертөнцийн нэр нөлөөтэй уран бүтээлч гэгддэг P. Diddy нь зохион байгуулалттай гэмт хэрэг, бэлгийн мөлжлөг, садар самуунд оролцуулах зорилгоор хүн тээвэрлэх зэрэг ноцтой гэмт хэрэгт буруутгагдан шүүгдэж байгаа юм.
Тэгвэл олон нийтийн анхаарлыг татсан энэхүү хэргийг тойрсон шүүх хурлын үеэр K-pop ертөнцийн дэлхийн хэмжээний алдарт хамтлаг болох BTS-ийн нэр дурдагдсан нь цахим орчинд багагүй шуугиан тарьсан байна. Харин тэдний нэр яагаад энэхүү шүүх хэрэгт холбогдсон мэт харагдсан бэ гэвэл, учир нь тун энгийн байсан юм.
Stephanie Soo гэх алдарт true crime подкаст хөтлөгч, TikTok контент бүтээгч шүүх хурлын хэд хэдэн өдөрт биечлэн оролцсон бөгөөд өөрийн цахим хуудсаар дамжуулан болсон үйл явдлыг хуваалцжээ. Түүний ярьснаар, тангарагтны сонгон шалгаруулалтын үеэр нэгэн эмэгтэй хөгжмийн сонирхлоо илэрхийлэхдээ “рок, хип-хоп хөгжим сонсдог, одоогоор BTS хамтлагийн тоглолтыг үзэж байгаа” гэж хэлсэн байна.
“Өөр онцлох зүйл байгаагүй, зүгээр л энэ талаар хэлмээр санагдсан юм,” хэмээн Стефани бичлэг дээрээ дурджээ.
Ийнхүү BTS-ийн нэр зөвхөн тангарагтны хөгжмийн сонирхолтой холбоотойгоор хөндөгдсөн бөгөөд P. Diddy эсвэл түүний өмгөөлөгч нар BTS-ийн талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй болохыг эх сурвалж тодотгожээ. Тангаргатны сонгон шалгаруулалт нь тухайн хүний үзэл бодол, хандлагыг тодорхойлох зорилготой бөгөөд хэрэгт төвийг сахисан байр суурьтай эсэхийг тогтооход чиглэгддэг.
Тиймээс BTS хамтлаг уг хэрэгтэй ямар ч холбоогүй бөгөөд нэр нь зөвхөн нэгэн тангарагтны хөндлөнгийн ярианд дурдагдсан төдий болохыг албан бус эх сурвалжууд онцолж байна.