Өмнөд Солонгосын “Starship Entertainment” агентлаг өчигдөр буюу 2025 оны 6-р сарын 2-нд албан ёсоор мэдэгдэл гаргаж, шинээр бүрэлдэж буй “IDID” хөвгүүдийн хамтлагийн гишүүнээр шалгарсан Пак Жүн Хван хамтлагаас гарахаар болсноо олон нийтэд мэдэгдлээ.
Мэдэгдэлд дурдсанаар, сүүлийн үед цахим орчинд Пак Жүн Хвантай холбоотой түгсэн цуурхлууд нь ямар ч бодит үндэслэлгүй байсан бөгөөд түүний сургууль, багш нарын мэдүүлгээр үнэнийг баталсан байна. Гэсэн ч эдгээр худал мэдээлэл нь насанд хүрээгүй уран бүтээлч болох Пак Жүн Хванд сэтгэлзүйн гүн дарамт үзүүлж, түүний өдөр тутмын амьдрал болон сэтгэцийн байдалд ноцтой нөлөө үзүүлсэн учир хамтлагаас гарах хүсэлтийг агентлаг хүлээн авч, шийдвэрийг нь хүндэтгэх болсон байна.
“Starship” энтертайнмент мэдэгдэлдээ, “Тэрбээр хичээл зүтгэлтэй, ухамсартай сурагч байсан нь нотлогдсон. Гэсэн ч үндэслэлгүй цуурхал, доромжлол нь түүний сэтгэл санаанд хүндээр туссан тул бид энэ шийдвэрийг дэмжиж, эрүүл мэндийг нь сэргээхэд бүх талаар дэмжлэг үзүүлнэ” хэмээн онцолсон байна.
Цуурхлыг тараасан этгээд нь мэдээлэл үндэслэлгүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрч, гараар бичсэн уучлалын захидал хүргүүлсэн бөгөөд Пак Жүн Хван, түүний гэр бүл, фэнүүд болон агентлагаас гүнээ уучлал хүссэн байна.
Пак Жүн Хван нь “Starship”-ийн “Debut’s Plan” нэртэй дэбют шоугаар дамжуулан “IDID” хамтлагийн гишүүнээр шалгарч, 2025 оны хоёрдугаар хагаст албан ёсоор тайзнаа гарахаар төлөвлөж байсан юм.
Түүний хувьд уран бүтээлийн замналыг түр хугацаанд хойш тавьж, цаашид сэтгэлзүйн болон эрүүл мэндийн дэмжлэг авах бүхий л үйл явцад “Starship” хамт байх болно гэдгээ илэрхийлсэн байна.