Нэтфликсийн “Physical: Asia” шоуны Японы багийн ахлагч, холимог тулаанч асан Юшин Оками финал цацагдсаны дараа тэмцээний дүнг илт шүүмжилсэн ч удалгүй байр сууриа өөрчилж, өөрийн мэдэгдлээ залруулан уучлал гуйлаа.
Окамигийн анхны шүүмжлэл: “Шоу нэг талыг барьсан”
Шоуны ялагч тодорсон арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Юшин Оками өөрийн Instagram сторид англи хэлээр бичсэн байр сууриа хуваалцаж, тэмцээний шударга байдалд эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр сторидоо:
“Япон бол хамгийн шилдэг баг байсан. Бид энэ шоу эхнээсээ нэг талыг барьсныг нь мэдэж байсан. Олон дутагдалтай тал байсан ч хамгийн гол нь шоуг оролцогч бус улс оронд зохион байгуулах ёстой. Ямартай ч би Японы багаар үнэхээр их бахархаж байна”
хэмээн бичээд багийн гишүүдийнхээ хувийн хаягуудыг давхар жагсаасан байна.
Азийн найман улсын баг өрсөлдсөн тус шоунд Япон улсын баг “Олсны буухиа” даалгаварт түрүүлж, дөрөвдүгээр шатанд тэргүүлэн шалгарснаар тавдугаар шатанд шууд тэнцсэн. Гэсэн ч “Цайзыг эзлэх” нэртэй тавдугаар шатны сорилын үеэр тэд даалгавраа амжилттай гүйцэтгэж чадаагүй тул тэмцээнээс хасагдсан билээ.
Өмнөд Солонгосын нетизэнүүдийн дайралт ба “давуу талын” маргаан
Окамигийн сторид бичсэн үгс, “шоуг эхнээс нь нэг талыг барьсан” гэсэн утгатай өгүүлбэр Өмнөд Солонгосын интернэт хэрэглэгчдийн ширүүн шүүмжлэл дагуулсан.
Сошиал орчинд олон Сөүлчүүд:
– “Яг юу нь нэг талыг барьсан юм бэ?”,
– “Танай баг төхөөрөмжийн гэмтлээс болж шударга бусаар давуу байр суурь авсан тухайгаа яагаад хэлдэггүй юм бэ?”
хэмээн шүүмжилж, Окамигийн мэдэгдлийг хоёр нүүртэй, зохисгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.
Үнэндээ Японы баг гуравдугаар шатанд болсон “Чулуун хөшөө татах” даалгаврын үеэр техникийн саатлын улмаас тодорхой хэмжээний давуу нөхцөл үүссэн гэж үздэг хүмүүс цөөнгүй. Энэ асуудал ч Окамигийн “шударга бус” гэх үгтэй давхцаж, онлайн маргааныг улам дэвэргэжээ.
Оками байр сууриа өөрчлөв: “Төөрөгдөл үүсгэсэн бол уучлаарай”
Шүүмжлэл эрчимжиж, олон улсын үзэгчид хүртэл анхаарал хандуулсны дараа Юшин Оками өнөөдөр дахин сошиал хуудсаараа дамжуулан шинэ мэдэгдэл хийж, өмнөх бичвэрээ залруулан уучлал гуйсан байна.
Тэрбээр:
“Би өмнөх бичлэгээ залруулахыг хүсэж байна. Би англи хэлээр утгыг зөв илэрхийлээгүйгээс төөрөгдөл үүссэн байж болзошгүй. Physical Asia бол маш сайхан тэмцээн байсан бөгөөд гайхалтай тамирчидтай өрсөлдсөндөө баяртай байна. Би Японы багаар маш их бахархаж байна”
хэмээн бичжээ.
Үүгээр зогсохгүй тэр үргэлжлүүлэн:
“Хэрвээ миний бичлэг дэлхий даяар хөгжөөн дэмжигчдийн дунд буруу ойлголт төрүүлсэн бол би уучлал гуйж байна. Та бүхний дэмжлэгт үргэлж талархдаг”
хэмээн мэдэгдсэн байна.
Ингэснээр түүний анхны “шударга бус”, “нэг талыг барьсан” гэсэн өнгө аястай шүүмжлэлийг албан ёсоор зөөлрүүлж, шоу болон бусад орнуудын багуудад хүндэтгэлтэй хандсан байр суурьтай болсныг харууллаа.
Physical: Asia тойрсон маргаан үргэлжилсээр
“Physical: Asia” шоуны финал цацагдсанаас хойш зөвхөн Японы багийн ахлагчийн шүүмжлэл төдийгүй, нийт шоуны үр дүн, даалгаврын шударга байдал, зохион байгуулагч орны баг түрүүлсэн эсэхтэй холбоотой янз бүрийн маргаан сошиал орчинд намжихгүй байна.
Гэсэн ч Юшин Окамийн сүүлчийн мэдэгдэл нь дор хаяж Япон–Солонгос үзэгчдийн хооронд үүссэн хурц хэлэлцүүлгийг бага зэрэг намжааж, тэмцээний оролцогчид хоорондын харилцан хүндэтгэлийг дахин онцолсон алхам боллоо.