Монголын багийн нэр хүнд өсөж, Орхонбаярын талаарх хайлт огцом нэмэгдэв
Netflix-ийн өндөр хандалттай бодит шоу болох “Physical: Asia” дэлхийн үзэгчдийг нэгтгэсээр байгаа энэ үед Монголын багийн гүйцэтгэл, хүч чадал, харизм нь олон улсын хэмжээнд онцгой анхаарал татаж байна. Тэр дундаа багийн ахлагч Баярсайханы Орхонбаярын талаархи сонирхол өдрөөс өдөрт нэмэгдэж, гадаад хэвлэлүүд хүртэл түүний талаар нийтлэл бичиж эхэллээ.
Олон улсын хэвлэлүүд Орхонбаярыг онцолж эхлэв
Дэлхийн таван бүсийн зах зээлд англи хэлээр хүрдэг Америкийн International Business Times (IBTimes)-ийн Их Британийн хувилбар өчигдөр “Монголын багийн ахлагч Баярсайханы Орхонбаяр гэж хэн бэ? Тэр гэр бүлтэй юу?” нэртэй нийтлэл гаргажээ.
Уг нийтлэлд Орхонбаярын:
- биеийн хүч
- зан төлөв
- стратегийн ухаан
- энгийн даруу байдал
зэргийг онцлон бичиж, эдгээр нь зөвхөн Монголын төдийгүй олон орны үзэгчдийг бишрүүлж байгааг дурдсан байна.
Сошиалд “Б.Орхонбаяр гэр бүлтэй юу?” гэх асуулт трэнд болжээ
Шоу гарснаас хойш олон улсын сошиал орчинд түүний хувийн амьдралын талаар хэлэлцүүлэг хүчтэй өрнөсөн бөгөөд хамгийн их тавигдсан асуулт нь:
“Орхонбаяр гэр бүлтэй юу?”
Энэ сонирхлыг улам өдөөсөн нэг үйл явдал нь Австралийн багийн тамирчин Эдди Жо Уиллямс сошиал хуудсаараа дамжуулан Орхонбаяр болон түүний гэргий “Мөөгий”-д хандан талархал илэрхийлсэн нь юм.
Уиллямс тэднээс гоёмсог цамц бэлгэнд авсныг хэлж талархлаа илэрхийлсэн нь олон орны эмэгтэй үзэгчдийг багагүй гонсойлгожээ.
Шоуны төгсгөлийн ангиудад Монголын баг ямар амжилт үзүүлэх бол?
Одоогоор “Physical: Asia” шоуны шөвгийн дөрөвт дараах багууд шалгараад байна:
- Монгол
- Өмнөд Солонгос
- Япон
- Австрали
Сүүлийн гурван ангийг ирэх долоо хоногийн Мягмар гарагт Netflix нийтлэх бөгөөд аль улсын баг түрүүлэх нь олон улсын үзэгчдийн хамгийн их хүлээлт дагуулж буй асуулт болоод байна.