Монголын хамгийн том хөгжмийн фестиваль болох “Плэйтайм 2025” энэ оны долоодугаар сарын 3-6-нд “Плэйтайм” хүрээлэнд зохион байгуулагдана. 23 дахь жилдээ болж буй энэхүү наадам нь 2027 онд Азийн шилдэг таван хөгжмийн фестивалийн нэг болох зорилготойгоор бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд энэ жил нийтдээ 100 мянга орчим үзэгч хүлээн авахаар тооцоолжээ.
Наадмыг зохион байгуулах баг 3000 түр ажлын байр бий болгох, 200 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах зэргээр нийслэлийн эдийн засагт 12 тэрбум төгрөгийн нэмүү өртөг оруулах тооцоолол хийсэн байна. Үүнээс гадна энэ жилийн наадмыг технологийн хоёр шинэ шийдлээр онцолж байгаа бөгөөд “Плэйтайм”-ын үүсгэн байгуулагч Ц.Нацагдоржийн хэлснээр тасалбарын QR код болон бугуйвчаар төлбөр хийх кейшлесс системийг нэвтрүүлж байгаа нь үзэгчдэд олон давуу тал бий болгоно.
“Энэ технологи нь үзэгчдийн аюулгүй байдлыг сайжруулж, хуурамч тасалбарын эрсдлийг бууруулна. Бугуйвчаар төлбөр хийх нь урт дараалал үүсгэхгүй, мөн бэлэн мөнгө, картаа гээхээс сэргийлэх практик шийдэл юм. Ариун цэврийн байгууламжийг шинэчилсэн. Мөн майхан барих талбайг үнэ төлбөргүй болгосон нь хотоос 100 км зам туулан наадамд ирж буй залуусын хувьд маш том дэмжлэг болж байна” хэмээн тэрээр онцолсон юм. Түүний хэлснээр энэ жил наадам жинхэнэ утгаараа кемпинг хөгжмийн фестиваль болж буй аж.
Өнгөрсөн жил 72 мянган хүн оролцсон бол энэ жил үзэгчдийн тоо 100 мянгад хүрэхээр байгаа бөгөөд найман тайзнаа олон улсын 37, дотоодын 67 хамтлаг, дуучин уран бүтээлээ хүргэх юм. Тухайлбал:
- Пост-метал урсгалаар алдартай Францын “Alcest”
- Пост-хардкор чиглэлийн Японы “Envy”
- Солонгосын пост-рок “Jambinai”
- АНУ-ын “YHWH Nailgun”
- Тренд болж буй “Balming Tiger”, “Megumi Acorda”, “Selica Gel”, “VVAS” зэрэг уран бүтээлчид Монголын тайзнаа анх удаа дуугаа хүргэнэ.
“Earth. Music. Art. Love” уриатай энэхүү фестивалийн тасалбаруудыг Shoppy.mn-ээр худалдаалж байгаа бөгөөд наадам эхлэхээс өмнө хямдралтай үнээр худалдан авах боломжтой байна.