Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесПопын домог Шер 79 нас хүрлээ

Попын домог Шер 79 нас хүрлээ

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Дуучин, жүжигчин, поп хөгжмийн домогт төлөөлөл болсон Шер буюу Шерилин Саркисян өнөөдөр 79 нас хүрч байна. Тэрбээр 1946 оны тавдугаар сарын 20-нд АНУ-ын Калифорниа мужид төрсөн бөгөөд хосгүй хоолой, өнгө төрх, өөрчлөлтөөс үл айсан урлагийн замналаараа олон арван жил хөгжмийн ертөнцөд ноёлсон хэвээр байна.

Шер 16 насандаа Фил Спекторийн арын дуучнаар уран бүтээлчийн гараагаа эхэлж, удалгүй дуучин Сонни Боногийн хамт “Цезар, Клео хоёр”, “Сонни, Шер хоёр” зэрэг синглүүдээр олон улсын тавцанд нэр хүнд олсон. Сонни Боногоос салсны дараа тэрээр “The Allman Brothers”-ийн Грегг Оллмен, “Kiss”-ийн Жин Симмонс, гитарчин Лес Дьюдек зэрэг олон алдартай хөгжмийн зүтгэлтнүүдтэй хайрын холбоотой байж, хэвлэлийн анхаарлын төвд байсаар ирсэн.

Шер зөвхөн дуучнаар зогсолгүй жүжигчин болох мөрөөдлөө биелүүлж “Good Times”, “Chastity” зэрэг кинонд тоглосон бөгөөд 1971 онд “Gypsies, Tramps & Thieves”, “Half-Breed”, “Dark Lady” зэрэг хит дуунуудаа гарган Америкийн чартыг тэргүүлж байв. 1975 онд “Warner Brothers” студитэй хамтран “Stars” нэртэй цомог бүтээж, продюсер Жимми Уэббийн дэмжлэгтэйгээр уран бүтээлийн шинэ шатанд гарчээ.

1981 онд “Dead Ringer for Love” цомгийн дараа түүний жүжигчний карьер улам амжилттай өрнөж, “Silkwood” киноны дүрээрээ “Оскар”-т нэр дэвшсэн. Үүний дараа “Mask”, “The Witches of Eastwick”, “Suspect” зэрэг кинонд тоглосон бол 1987 онд “Moonstruck” киноны гол дүрээрээ Америкийн кино академийн хамгийн дээд шагнал болох “Оскар”-ыг хүртсэн юм.

Тэрбээр 100 гаруй сая пянз борлуулж, “Гремми”, “Эмми”, “Алтан бөмбөрцөг”, Каннын кино наадмын зэрэг олон улсын нэр хүндтэй шагналуудыг хүртсэн, бүх цаг үеийн хамгийн олон талт уран бүтээлчдийн нэг хэвээр байна. Өнөөдрийг хүртэл Шер өөрийгөө дахин дахин шинээр тодорхойлж, урлагийн орчлонд нөлөөллөө хадгалсаар байгаа нь түүний амжилтын үндэс юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээх