Амьд хөгжмийн ертөнц дахин сэргэж байна. Энэ зун Oasis хамтлаг шүтэн бишрэгчдээ баярлуулсан бол одоо олон улсын алдарт хамтлаг Radiohead тайзнаа эргэн гарахаар болжээ.
Гоцлол дуучин Том Йорк, гитарчин, төгөлдөр хуурч Жонни Гринвуд, гитарчин Эд О’Брайен, басс гитарчин Колин Гринвуд, бөмбөрчин Фил Селвэй нарын бүрэлдэхүүнтэй тус хамтлаг Европын таван хотод тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна.
- Хот, улс: Мадрид, Болонья, Лондон, Копенгаген, Берлин
- Он, сар: 2025 оны 11–12 дугаар сар
- Тоглолтын тоо: Нэг хотод 4 удаа, нийтдээ 20 удаа
7 жилийн дараах эргэн ирэлт
Radiohead хамгийн сүүлд 2018 онд “A Moon Shaped Pool” цомгийн хүрээнд тоглолт хийж байсан. Харин энэ удаад 7 жилийн завсарлагын дараа тайзнаа эргэн гарч буй нь шүтэн бишрэгчдийнх нь хувьд том бэлэг болж байна.
Хэдийгээр шинэ ая дуугаа тоглох эсэх нь тодорхойгүй ч хамтлаг 10-р сарын 31-нд “Hail to the Thief — Live Recordings 2003-2009” нэртэй шинэ цомгоо гаргах гэж байна.
Фил Селвэй тайлбарлахдаа:
“Өнгөрсөн жил бид бэлтгэл хийхээр цугласан. Долоон жил завсарласны дараа дуунуудаа дахин тоглож, бидний дотор гүн гүнзгий шингэсэн хөгжмийн мэдрэмжтэйгээ эргэн холбогдох нь үнэхээр сайхан санагдсан. Энэ нь бас биднийг дахин тоглолт хийхэд хүргэсэн. Тиймээс та удахгүй болох тоглолтуудын аль нэгэнд нь очиж чадна гэж бид найдаж байна. Одоохондоо зөвхөн эдгээр тоглолтууд байх болно. Гэхдээ энэ бүхэн ирээдүйд хаашаа эргэхийг хэн мэдэх билээ” хэмээн онцолжээ.
Тасалбарын мэдээлэл
- Бүртгэл: 2025 оны 9-р сарын 5-наас “Radiohead.com” сайтад 60 цагийн хугацаанд
- Албан ёсны худалдаа: 9-р сарын 15-наас эхэлнэ
Хамтлагийн гишүүдийн сүүлийн он жилүүд
- Том Йорк, Жонни Гринвуд нарын “The Smile” төсөл гурван цомог гаргасан
- Колин Гринвуд, Ник Кэйвийн амьд хөгжмийн хамтлагт тоглосон
- Эд О’Брайен 2020 онд “Earth” нэртэй анхны бие даасан цомгоо гаргасан
- Фил Селвэй 2023 онд “Strange Dance” нэртэй гурав дахь цомгоо танилцуулсан
Radiohead-ийн энэ эргэн ирэлт нь зөвхөн хөгжмийн ертөнцөд төдийгүй олон сая шүтэн бишрэгчдийн хувьд түүхэн мөч болох нь дамжиггүй.