Нүүр хуудас Кино“Sentimental Value” – Каннын наадмын үзэгчдийг байлдан дагуулсан бүтээл

“Sentimental Value” – Каннын наадмын үзэгчдийг байлдан дагуулсан бүтээл

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Жоаким Триерийн шинэ бүтээл “Sentimental Value” Каннын кино наадамд нээлтээ хийх үеэрээ 15 минут үргэлжилсэн алга ташилт хүлээн авч, энэ жилийн хамгийн хүчтэй өрсөлдөгч болохыг баталлаа. Уг уран бүтээл нь зөвхөн үзэгчдийн анхаарлыг татахаар зогсохгүй, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, “энэ жилийн хамгийн сайн кино” хэмээн нэрлэгдэж эхэлсэн байна.

Норвегийн найруулагч Жоаким Триерийн зургаа дахь бүрэн хэмжээний уран сайхны кино болох “Sentimental Value” нь жүжигчин Стеллан Скарсгард, Элль Фаннинг болон Триерийн олон жилийн хамтрагч Ренате Рейнсвегийн тоглосон бүтээл юм. Тус кино нь Ослогийн түүхэн байшинд өрнөх, эцэг охидын түүх, гэр бүлийн эвлэрэл, хөндөгдөж амжаагүй сэтгэлүүдийг уран сайхны аргаар дэлгэсэн, үе дамжсан түүхийн тухай өгүүлдэг. Киноны гол дүр болох найруулагч эцэг Густав Борг охин Норагийнхоо зүрх сэтгэлд хүрэхийг оролдон кино зохиол бичихээр шийдэж, тэр нь бүтэлгүйтсэний дараа залуу Холливүүд жүжигчин Рэйчел Кемпт ханддаг.

Уг киноны гол сэдэв нь “гэр бүлийнхэн шууд харилцаж чаддаггүй учраас урлаг бол сэтгэлээ илэрхийлэх, ойлголцох хамгийн зөв арга” гэсэн санаан дээр тулгуурласан байна. Найруулагч Триер болон зохиолч Эскил Вогт нар кинонд харилцааны эмзэг байдал, үл ойлголцлын цаадах гүн утга, нийгмийн хүйтэн харилцааг хөндөж, үүнийг урлагаар дамжуулан илэрхийлэхийг зорьжээ.

Элль Фаннинг хэвлэлийн хурлын үеэр Триерийн нэрийг өөрийн “bucket list”-д байсан хэмээн онцолж, Триер өмнөх бүтээл болох “The Worst Person in the World”-оороо үзэгчдийн сэтгэл зүйд гүн нөлөөлсөн найруулагч гэдгийг дахин нотолж буйг дурджээ. Тус бүтээл нь 2021 онд Каннын наадамд шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртэж, Оскарт хоёр төрөлд нэр дэвшиж байсан билээ.

“Sentimental Value”-ийг АНУ-ын нэртэй бие даасан кино түгээгч Neon худалдаж авсан бөгөөд тус компани “Parasite”, “Titane”, “Triangle of Sadness”, “Anatomy of a Fall”, “Anora” зэрэг Каннын шагналт бүтээлүүдийг үзэгчдэд хүргэж байсан туршлагатай. Хэдий уг кино энэ бямба гарагт Каннын дээд шагнал болох “Palme d’Or”-ыг авч чадах эсэх нь тодорхойгүй байгаа ч тус наадамд оролцсон уран бүтээлүүд олон улсын шагналын улиралд амжилттай явах магадлал өндөр байдаг. Өнгөрсөн жил Каннд дэлгэцнээ гарсан “Emilia Peréz”, “The Substance”, “Flow” зэрэг бүтээлүүд үүний жишээ юм.

“Нийгмийн хуваагдал, уур хилэн, харгис байдлын оронд ойлголцол, эвлэрэл байх хэрэгтэй” хэмээн Триер онцолж, “Эв нэгдэл, зөөлөн сэтгэл бол шинэ панк” хэмээн тодорхойлжээ. Тэрээр өөрийгөө болон Эскил Вогтыг панк үзэлтэй залуус байсан ч одоо уран бүтээлээрээ эмзэг сэтгэл, хүний дотоод ертөнцийн тухай илүү их ярьж байгаагаа хүлээн зөвшөөрсөн юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээх