Өмнөд Солонгосын K-pop ертөнцийн томоохон төлөөлөгч SEVENTEEN хамтлаг 10 жилийн ойн хүрээнд тав дахь бүрэн хэмжээний студийн цомог болох “HAPPY BURSTDAY”-г 2025 оны тавдугаар сарын 26-нд албан ёсоор гаргалаа. “Burstday” гэх нэр нь ‘birthday’ (төрсөн өдөр) үгийн оронд ‘burst’ (тэсрэлт) гэдгийг ашигласнаараа энэхүү цомог бол зөвхөн тэмдэглэлт ой бус харин шинэ, эрч хүчтэй SEVENTEEN-ийг тунхаглаж буй илэрхийлэл болохыг харуулж байгаа аж.
“HAPPY BURSTDAY” цомогт нийт 16 дуу багтсан бөгөөд тэдгээрийн 13 нь тус хамтлагийн гишүүдийн бие даан туурвисан бүтээлүүд юм. Энэхүү хосгүй бүтээлч ажиллагаа нь SEVENTEEN-ийн уран бүтээлч чанар, хувь гишүүдийн онцлогийг илүү тодотгож өгсөн хэмээн хөгжмийн ертөнцийн мэргэжилтнүүд онцолж байна.
Цомгийн гол дуу болох “Bad Influence” бүтээлийг дэлхийд алдартай продюсер Pharrell Williams-тэй хамтран гаргасан нь олон улсын анхаарлыг татсан томоохон хамтын ажиллагаа болжээ. Мөн энэхүү цомогт LOREN, Sabrina Carpenter зэрэг уран бүтээлчидтэй хамтарсан дуунууд ч орсон нь SEVENTEEN-ийн уран бүтээлийн цар хүрээ, ур чадварыг харуулсан чухал үзүүлэлт болоод байна.
“HAPPY BURSTDAY” цомог худалдаанд гарсан эхний өдрөө л 2.26 сая хувь борлуулагдсан бол долоо хоногийн дотор нийт 2.52 сая хувь борлогдсон нь 2025 оны K-pop-ийн хамгийн өндөр борлуулалттай цомог болоход хүргэжээ. Billboard-ийн жагсаалтад хоёрдугаар байрт бичигдсэн нь SEVENTEEN-ийн олон улсын байр суурийг улам бататгасан үзүүлэлт болж байна.
Хөгжмийн шүүмжлэгчдийн хэлж буйгаар энэ бол зүгээр нэг ойд зориулсан бүтээл бус, харин ч SEVENTEEN дараагийн арван жилд хэрхэн хөгжиж, орших тухай уран бүтээлч тунхаглал бөгөөд «энэ цомгоор дамжуулан тэд өөрсдийн хөгжим, өнгө төрх, эрч хүчийг дахин шинээр тодорхойлж өглөө» хэмээн үнэлэгдэж байна.