К-попын алдарт “Seventeen” хамтлаг Олон улсын залуучуудын өдрийг тохиолдуулан НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагад (ЮНЕСКО) 250 мянган ам.доллар хандивлав.
Энэхүү хандивын мөнгө нь “Joopiter Gifts: sacai x Seventeen” нэртэй буяны дуудлага худалдаанаас бүрдсэн бөгөөд мягмар гарагт албан ёсоор ЮНЕСКО-д гардуулан өгчээ. Хамтлагийн менежментийг хариуцдаг “Pledis Entertainment” агентлагийн мэдээлснээр, уг хөрөнгийг ЮНЕСКО-той хамтран хэрэгжүүлж буй Дэлхийн залуучуудын тэтгэлэгт хөтөлбөрт зарцуулах аж.
“Seventeen” ба ЮНЕСКО
- “Seventeen” нь ЮНЕСКО-гийн залуучуудын сайн санааны элчээр ажилладаг.
- 2023 онд Парис хотноо болсон ЮНЕСКО-гийн Ерөнхий Ассамблейн үеэр тус хамтлаг 13 дахь удаагийн ЮНЕСКО-гийн залуучуудын чуулганд оролцож, үг хэлэн уран бүтээлээ толилуулсан.
- Ингэснээр тэд ЮНЕСКО-гийн томоохон чуулганд үг хэлсэн анхны К-поп уран бүтээлчид болсон юм.
Өнгөрсөн жил сайн санааны элчээр томилогдсоныхоо дараа “Seventeen” ЮНЕСКО-той хамтран дэлхийн залуучуудыг дэмжих хөтөлбөрийг санаачилж, нэг сая ам.долларын хандив өгсөн. Энэ мөнгө нь одоо 100 багийг дэмжих, залуучууд өөрсдийн санаачилсан төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулагдаж байна.
Хамтлагийн мэдэгдэл
“Бид анх уран бүтээлээ туурвиж эхэлснээсээ хойш өнөөг хүртэл өөрсдийн үзэж туулсан туршлага, сэтгэл хөдлөлөө хөгжмөөр дамжуулан илэрхийлж ирсэн учраас Олон улсын залуучуудын өдөр бидний хувьд илүү утга учиртай санагддаг. Бид дэлхийн өнцөг булан бүрд хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээнгүйлэн зүтгэж буй бүх залууст урам зориг бэлэглэхийг хүсэж байна.”