Өмнөд Солонгосын алдарт Seventeen хамтлагийн хоёр гишүүн болох Hoshi болон Woozi нар энэ оны есдүгээр сард цэргийн үүргээ биелүүлж эхлэхээр болсныг албан ёсоор зарлалаа. Тэдний төлөөлөгч агентлаг болох Pledis Entertainment өнөөдөр мэдэгдэл гаргасан бөгөөд уг мэдэгдэлд “Hoshi болон Woozi нар есдүгээр сараас эхлэн цэргийн албанд мордоно. Woozi нь есдүгээр сарын 15-нд хуурай замын цэргийн идэвхтэй албанд татагдах бол Hoshi нь дараагийн өдөр буюу 9-р сарын 16-нд цэрэгт мордоно” гэж дурджээ.
Тэдний албан ёсны цэргийн албанд мордохоос өмнө “HOSHI X WOOZI FAN CONCERT” тоглолт болон Seventeen хамтлагийн тав дахь бүрэн хэмжээний цомгийн фен уулзалт зэрэг арга хэмжээнүүд сүүлийн үйл ажиллагаанууд болохыг агентлагийн зүгээс онцолсон байна. Цэргийн алба эхэлмэгц хамтлагийн хувьд хэсэг хугацаанд бүрэлдэхүүнээрээ уран бүтээл, тоглолтод оролцох боломжгүй болох ч, фэнүүдтэйгээ үргэлжлүүлэн холбогдсоор байх олон төрлийн контентуудыг урьдчилан бэлдээд буйг мөн дурджээ.
Pledis Entertainment нь мөн “Тэднийг цэрэгт мордох өдөр Weverse платформоор дамжуулан үдэлт болон сэтгэлийн үгээ хуваалцахыг фэнүүдээс хүсч байна” хэмээн уриалсан байна.
Hoshi болон Woozi нар хоёулаа 1996 онд төрсөн бөгөөд Seventeen хамтлагийн анхны бүрэлдэхүүнд багтан 2015 онд албан ёсоор дебютээ хийсэн юм. Тэд өнгөрсөн 10 жилийн туршид олон амжилттай уран бүтээлийг хамтлагийнхаа нэрийн өмнөөс туурвиж, дэлхийн олон орны фэнүүдийн сэтгэлд хоногшсон билээ.