Поп од Шакирагийн эмнэлгийн нууцыг олон нийтэд ил болгосон хэрэгтэй холбогдуулан Перугийн эрүүл мэндийн байгууллагаас Лима хотын «Делгадо Ауна» эмнэлэгт 190 мянган ам.долларын торгууль оногдуулжээ.
Хэрэг энэ оны хоёрдугаар сард болсон бөгөөд Колумбын нэрт дуучин Шакира Лимад болсон тоглолтын үеэр гэдэс, хэвлийн хүчтэй өвдөлтөөс болж тайзан дээрээс бууж, эмнэлэгт яаралтай хүргэгдсэн юм. Тэрбээр тус эмнэлэгт хоёр өдөр хэвтэн эмчлүүлсний дараа тайзан дээр эргэн гарч, тоглолтоо үргэлжлүүлж байв.
Гэвч эмчилгээний дараахан түүний эрүүл мэндийн талаарх нарийн мэдээлэл цахим орчинд тарсан нь олон нийтийн анхаарлыг татаж, шүтэн бишрэгчдийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулсан. Ийнхүү хувийн мэдээлэл задруулсан асуудал нь хууль зөрчсөн хэрэгт тооцогдож, албан ёсоор шалгагдсан байна.
Тухайн үед «Делгадо Ауна» эмнэлгийн удирдлагууд дотоод мөрдлөг явуулж, “манай ёс зүйн дүрэм, мэдээлэл хамгаалах журмыг ноцтой зөрчсөн” гэж хүлээн зөвшөөрч байжээ. Улмаар Лима хотын эрүүл мэндийн албаныхан энэхүү зөрчилд өндөр торгууль ногдуулсан нь эмнэлгийн мэдээлэл хамгаалалтын зөрчилд ногдуулсан хамгийн том шийтгэлүүдийн нэг болоод байна.
Шакира өнөөдөр “Las mujeres ya no lloran” буюу “Бүсгүйчүүд ахин уйлахгүй” нэртэй дэлхийн шинэ аялан тоглолтоо үргэлжлүүлж байна. Энэхүү тоглолт нь түүний 2017 оны “El Dorado” тоглолтоос хойшхи анхны том хэмжээний аялан тоглолт юм. Аялан тоглолт хоёрдугаар сард Бразилаас эхэлсэн бөгөөд Колумб, Чили, Аргентин, Мексик, АНУ зэрэг улсуудаар дамжин арваннэгдүгээр сард Перуд өндөрлөх юм.