“HBO Max” стриминг платформ шидтэн хүү Харри Поттерын тухай шинэ цуврал бүтээж буйгаа албан ёсоор зарлаж, энэхүү төслийн анхны дүр зургийг олон нийтэд дэлгэлээ. Цуврал нийт долоон бүлэгтэй байх бөгөөд Жоан Роулингийн ижил нэрт долоон боть зохиолоос бүрэн сэдэвлэжээ. Төслийн гүйцэтгэх продюсероор Жоан Роулинг, Нил Блэр болон Рут Кенли-Леттс нар ажиллах юм.
Шинэ цувралд дүр бүтээх жүжигчдийн сонгон шалгаруулалт өнгөрсөн жил эхэлсэн бөгөөд нийтдээ 30,000 гаруй хүүхэд оролцсон байна. Эцэст нь Харри Поттерын дүрд Доминик МакЛафлин, Хермионе Грэнжерийн дүрд Арабелла Стантон, Рон Уислигийн дүрд Аластайр Стоут нар сонгогджээ. Тэд бүгд 9-11 насны хүүхдүүд бөгөөд зохион байгуулагчдын зүгээс тэдний жүжиглэх авьяасыг онцгой байсан хэмээн дүгнэсэн байна.
Сургуулийн багш нарын дүрд нэр хүндтэй жүжигчид сонгогдсон нь цувралын чанарыг бататгаж байгаа аж. Альбус Дамблдорын дүрийг Жон Литгоу, Северус Снейпийн дүрийг Паапа Эссиеду, профессор Макгонаглын дүрийг Жанет Мактир, Квирреллын дүрийг Люк Таллон, Хагридын дүрийг Ник Фрост, Аргус Филчийн дүрийг Пол Уайтхаус тус тус бүтээх юм.
HBO Max шинэ цувралын зураг авалтыг 2026 онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд анхны ангиудыг 2027 онд үзэгчдэд хүргэхээр товлоод байна. Үүнтэй зэрэгцэн «Collider» сайтын мэдээлснээр уг бүтээлийн зураг авалтад зориулан 1.25 тэрбум ам.долларын өртөг бүхий бичил хот байгуулж эхлэхээр төлөвлөсөн нь төслийн цар хүрээг илтгэж байна.
Жоан Роулингийн бүтээл дэлхийн сая сая уншигч, үзэгчдийг олон жилийн турш шидтэний ертөнцөөр аялсан хэвээр байлгаж ирсэн бол энэ удаад шинэ жүжигчид, шинэ найруулгаар дахин амь орох нь зүй ёсоор хүлээлт үүсгээд байна.
2 комментария
Гайхалтай мэдээ байна! Гарри Поттерын ертөнцөд дахин очиход бэлэн байна
Эх зохиолоо илүү дэлгэрэнгүй харуулах гэж байгаад баяртай байна. HBO сайн хийнэ гэдэгт итгэж байна!