Монголын хип хоп урсгалыг үндэсний онцлогтой хослуулан амжилттай нутагшуулсан “Татар” хамтлаг өөрсдийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAR” уран сайхны киногоо тун удахгүй үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байна. Энэхүү бүтээл нь ирэх есдүгээр сарын 19-нөөс бүх кинотеатраар нээлтээ хийх юм.
Киног “Татар” хамтлаг “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red point media”, “SO media” студийн хамтран бүтээсэн бөгөөд зохиолыг А.Миеэгомбо, Т.Билгүүн, Л.Ариунболд нар бичжээ. Ерөнхий найруулагчаар Б.Батдэлгэр, ерөнхий продюсероор Д.Мөнхчулуун ажиллажээ.
Гол дүрүүдэд жүжигчин, реппер Gangaa буюу Д.Ганбат, жүжигчин Х.Сумъяадорж, Н.Түвшин, Б.Тэмүүжин, Б.Балжинням нар тоглосон байна.
Киноны уран сайхны орон зайг улам өргөжүүлэхийн тулд жүжигчин Х.Сумъяадорж, Н.Түвшин, Б.Тэмүүжин нар “Татар” хамтлагийн алдарт “Ардын багш” дууг шинэчлэн дуулж, дүрсжүүлсэн клипийг үзэгчдэд хүргэжээ.
Энэхүү шинэчилсэн хувилбар нь сонгодог бүтээлийг орчин үеийн хэв маягтай хослуулан, киноны уур амьсгалтай нийцүүлсэн нь фэнүүдийн хүлээлтийг улам өндөрт хүргээд байна.