Зохиолчийн дотоод ертөнц ердөө арван нас ч хүрэлгүй байхад нь үндсэндээ нуран унасан. Гэвч энэ нуранги дунд бүрэн биш ч тодхон үлдсэн зүйл нь дурсамж байв. “Төгсгөл” гэж товчхон үгээр нэрлэсэн ч үнэн хэрэгтээ юмс тэр даруйдаа дуусдаггүй. Эсрэгээрээ “эхлэл” ч өөрөө цэгээс бус харгуйтай байж ирдэг.
Зохиолч бид хоёр нэгэн цагийн хүүхдүүд. Сургуульд ороод Сухомлинскийн ишлэлийг ханан дээрээс уншиж, шок эмчилгээнд орж, шилжилтийн насыг шилжилтийн нийгэмтэй зэрэгцүүлэн туулсан 90-ээд оныхон. Тэрхүү он жилүүдийг түүхийн номд “эдийн засаг, улс төрийн шилжилтийн үе” гэж энгийнээр томьёолдог ч энэ хугацаа хүний оюун санаа, үнэт зүйл, итгэл үнэмшилд гүн гүнзгий ул мөр үлдээсэн билээ.
Би зохиолчийн гэр бүлийг танихгүй. Гэхдээ төсөөлж болно. Энгийн ажилчин гэр бүл. Аав нь ажилгүйдэлд өртөж, гунигт автсан. Ээж нь амьдралаа авч явахын тулд худалдаа хийж, магадгүй гадаад руу хөдөлмөрийн зорилгоор гарсан. Эмээ, өвөө нь намын үнэмлэхтэй ахмадууд байснаа орцны жижүүр эсвэл гудамжинд тамхи зардаг хүмүүс болж хувирсан. Харин өөрөө социализмын киноноос гараад Холливудын баатруудыг шүтэн, “Нисванис”-ын дууг “Дайн ба энх” хэмээх хүнд номын зэрэгцээ ойлгож, өсвөр насны эсэргүүцлийг райм бичихээр оролдож илэрхийлсэн байж мэднэ.
Энэ ном бол түүхийн тухай ном биш. Энэ бол улс төрийн анализ ч биш. Харин өөрийнх нь амьдралын түүхээр дамжуулан “шилжилтийн үе” гэж нэрлэгдсэн тодорхойгүй, эмзэг, зөрчилтэй цаг үеийг илэрхийлсэн дурсамжийн сэтгэлийн дуу юм. Энэ бүтээлд өнөөгийн Монголын олон мянган иргэнтэй адил залуу хүн “бүх зүйл сайхан болно” гэдэг капитализмын биелээгүй мөрөөдлийн араас хэрхэн хөөцөлдөж, хэрхэн төөрч будилан, амьдралаа ойлгож мэдэрч явсныг уншигч тольдон харж чадах болно.
“Дурсамж, цочролын дуу” бол 90-ээд оны Монголын гэр бүл, хувь хүн бүрийн сэтгэлийн гүн дэх асуулт, хариулт, төөрөгдөл, итгэлийн шаналлын нэгэн хэлбэр юм. Түүхэн баримт биш ч үндэсний оюун санааны гэрч байж мэдэх энэхүү бүтээл уншигч таны сэтгэлд ямар нэг өнгө үлдээнэ гэдэгт эргэлзэх зүйлгүй.