2025 оны 6-р сарын 18-ны өдөр болсон шүүх хурал дээр K-pop хамтлаг NCT-ийн хуучин гишүүн Taeil болон түүний хоёр хамсаатан “хүнд хэлбэрийн хүчин” үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, прокуророос хэргийг олон нийтэд ил болгосон нь дуулиан тариад байна.
Тэдний үйлдэл нь эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдалд буй хохирогчид бүлэглэн хүч хэрэглэсэн гэх зүйл ангид хамаарч байгаа бөгөөд прокурорын зүгээс Taeil-д долоон жилийн хорих ял оноохоор төлөвлөсөн байна. Энэхүү хэргийн талаарх цуурхал 2023 оны 8-р сарын 28-нд, Taeil-ийн хамтлагаас гарсан тухай зарлалтын дараа олон нийтэд хүрч байжээ.
Прокурорын мэдэгдлээр уг хэрэг 2023 оны 6-р сарын 13-ны шөнө 2:33 цагт Itaewon дахь бааранд эхэлсэн байна. Taeil болон түүний хамт байсан хоёр залуу тухайн үед огт танихгүй байсан Хятад иргэн эмэгтэйтэй хамт ууж, улмаар түүнийг хүчээр таксинд суулган Сөүлийн Bangbae дүүрэгт байрлах нэгнийхээ байранд авчирсан байна. 4:00-4:30 цагийн хооронд хохирогч нь ухаангүй согтуу байхад бүлэглэн хүчирхийлсэн гэж прокурорын мэдүүлэгт дурджээ.
Taeil-ийн өмгөөлөгчийн хэлснээр тэр өөрийн санаачилгаар цагдаад мэдүүлэг өгч, хохирогчоос уучлалт гуйсан. Мөн хохирогч “цаашид ял оноохыг хүсэхгүй байна” гэсэн утгатай захидал ирүүлсэн гэжээ. Гэсэн ч прокурорын зүгээс энэ мэдүүлгийг жинхэнэ гэмшил гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзсэн бөгөөд тэд Taeil-ийн үйлдэлд эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.
Тодотгоход, Taeil болон түүний хамсаатнуудыг баривчлаагүй байгаа. Шүүхийн зүгээс тэд гэмээ хүлээн зөвшөөрсөн тул зугтах эсвэл нотлох баримт устгах эрсдэл багатай гэж дүгнэсэн байна.
Олон нийтийн уур хилэн тэдний хууль зөрчсөн үйлдэлтэй төдийгүй, хэргийн дараах Taeil-ийн зан байдалтай холбоотой хүчтэй өрнөж байна. Учир нь хэрэг гарснаас ердөө нэг хоногийн дараа буюу 6-р сарын 14-нд тэр Instagram Live хийж төрсөн өдрөө тэмдэглэн, инээж ярьж, төгөлдөр хуур тоглож байсан нь олон нийтэд гүн цочрол, итгэл алдрал авчирсан.
Энэхүү хэргийн шүүх ажиллагаа, шийдвэр зөвхөн хууль эрх зүйн хүрээнд төдийгүй, олны дунд итгэлцэл, уур хилэн, эмзэглэл дагуулсаар байна. Хэдийгээр Taeil болон түүний хамсаатнуудыг одоогоор саатуулалгүй шалгаж байгаа ч тэдний хувь заяа шүүхийн эцсийн шийдвэрээр тодорхой болох юм.