Нийслэлийн Аялал жуулчлалын газар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран энэ сарын 6, 7-нд Д.Сүхбаатарын талбайд “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь хоёр орны дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулагджээ.
Өмнөд Солонгосын Жолла муж арга хэмжээнд тусгайлан оролцож, тухайн бүс нутгийн онцлог бүтээгдэхүүнүүдийг танилцуулахын зэрэгцээ таеквондо, уламжлалт бүжиг, үндэсний болон фьюжн хөгжмийн тоглолт, бүжгийн үзүүлбэрүүдийг сонирхуулах юм.
Хөтөлбөрийн онцлох хэсэг нь к-поп болон амьд хөгжмийн тоглолт бөгөөд “Goblin”, “Moon Lovers”, “Descendants of the Sun” киноны дуугаар алдаршсан дуучин Punch, “The Ade” хамтлаг, “Gugak” ардын бүжгийн хамтлаг, “Shining Youth” бүжгийн хамтлагийн уран бүтээлчид тайзнаа гарна.
Мөн арга хэмжээний үеэр солонгосын уламжлалт хоол хүнсийг амтлах, гоо сайхны бүтээгдэхүүнтэй танилцах, сонирхолтой уралдаан тэмцээнд оролцох боломжийг иргэдэд олгохоор төлөвлөжээ.