2025 оны долоодугаар сарын 25 — Мэргэжлийн бөхийн ертөнцөд нэрээ мөнхөлсөн домогт тамирчин Халк Хоган 71 насандаа таалал төгссөн тухай World Wrestling Entertainment (WWE) албан ёсоор мэдээлэв.
“WWE-гийн Алдрын танхимын гишүүн Халк Хоган нас барсан тухай мэдээг гүнээ эмгэнэн дуулгаж байна. Поп соёлын хамгийн алдартай бие хүмүүсийн нэг болох тэрбээр 1980-аад оны үед WWE дэлхийн даяар хүлээн зөвшөөрөгдөхөд ихээхэн хувь нэмэр оруулсан юм,” хэмээн тус байгууллага X (хуучнаар Twitter) хуудсандаа бичжээ.
Зүрхний дутагдлын улмаас нас баржээ
Хоган Флорида мужийн Тампа хот дахь гэртээ зүрх нь гэнэт зогссоны улмаас нас барсан гэж түүний менежер мэдэгдсэн байна. Түүнийг дэлхий нийт 2 метр өндөр биетэй, мушгиа цагаан сахалтай, тод өнгийн алчуур зүүсэн дүр төрхөөр нь таньдаг байв.
Бөхийн урлагийг дэлхийд таниулсан анхдагч
Жинхэнэ нэр нь Жин Боллеа. Тэрээр 1953 оны 8-р сарын 11-нд АНУ-ын Жоржиагийн Огаста хотод төрж, дараа нь гэр бүлээрээ Флоридад суурьшжээ. Анх рок хамтлагт басс гитар тоглодог байсан ч 1970-аад онд рестлингийн ертөнц рүү хөл тавьжээ.
1984 онд «Төмөр Шейх»-ийг ялснаар дэлхийн аварга болж, энэ цолоо 4 жилийн турш хадгалсан. 1987 онд WrestleMania III шоунд Францын домогт бөх Андрег ялсан нь түүний алдар хүндийг оргилд хүргэж, рестлингийг гэр бүлийн зугаа цэнгэлийн төв болгож чадсан юм.
Хорон санаатны дүр ба шинэ эрин
Хожим тэрбээр World Championship Wrestling-д нэгдэн, шар өнгийн трикогоо хар өнгийн болгож, “Дэлхийн шинэ дэг журам” бүлгийн хорон санаат дүрд хувирсан нь түүний карьерын шинэ үеийг нээсэн. 2002 онд тэр дахин WWF-д эргэн ирж, Дуэйн Жонсонтой хамт WrestleMania шоунд оролцсон.
Хоган WWE-гийн Алдрын танхимд хоёр удаа бичигдсэн цөөн хүний нэг байсан бөгөөд өөрийгөө рестлингийн “Бейб Рут” хэмээн нэрлэдэг байв.
Хувийн амьдрал ба нийгмийн оролцоо
Хоган амьдралдаа гурван удаа гэрлэж, хоёр хүүхэдтэй. Анхны эхнэр Линдагийн хамт “Hogan Knows Best” реалити шоунд оролцож байжээ. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын идэвхтэй дэмжигч байсан бөгөөд WrestleMania шоуг Трампын зохион байгуулсан үеэр гол дүрд оролцож байсан юм.