Нүүр хуудас Кино “Squid Game” сүүлийн улирал: Тоглоомууд хүн чанарын “яг төн” талыг ил гаргана гэв

“Squid Game” сүүлийн улирал: Тоглоомууд хүн чанарын “яг төн” талыг ил гаргана гэв

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Netflix-ийн дэлхий даяар шуугиан тарьсан “Squid Game” цувралын гурав дахь ба эцсийн улирал тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Харин цувралын зохиолч, найруулагч Хван Дон Хёк энэхүү сүүлчийн бүлэгт хамгийн догшин, аймшигтай тоглоомууд орно хэмээн Entertainment Weekly-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.

“Сүүлийн улирал болохын хувьд би тоглоомуудаар дамжуулан хүний хамгийн доод сэтгэлгээг ил гаргахыг хүссэн. Учир нь цуврал өөрөө оргилдоо хүрч байна. Тиймээс маш хүчтэй сэтгэлзүйн ачаалал өгөх тоглоомууд оруулсан” хэмээн Хван ярьжээ.

Айдас төрүүлдэг өндөрт суурилсан тоглоомууд
Зохиолч Хван багынхаа үед тоглож байсан тоглоомуудын жагсаалтыг эхнээс нь хадгалж, цувралын туршид түүн дээрээ тулгуурлаж ирсэн гэдгээ дурдсан байна. Тэрээр “Эхний улиралд ‘Оосор таталт’ гэх мэт өндөр, гүнээс айх мэдрэмжийг ашигласан тоглоомууд орсон. Харин хоёрдугаар улиралд тэр элемент алга болсон. Тиймээс гуравдугаар улиралд дахин өндөртэй холбоотой айдас төрүүлэх тоглоомууд оруулахаар шийдсэн” гэжээ.

Сэтгэл хөдлөл, хүн чанарын тулаан
Цувралын утга агуулгыг үе шаттай харуулахыг зорьсон Хван “Эхний улиралд би капитализмын эрс өрсөлдөөн хэрхэн хүнийг нухдагийг харуулахыг зорьсон. Хоёрдугаар улиралд Ги-хүн тоглоомын эсрэг бослого өрнүүлж, тогтолцоог өөрчлөхийг оролдсон ч бүтэлгүйтсэн. Харин гуравдугаар улиралд хүмүүс энэ ширүүн өрсөлдөөн дунд хүн чанараа хэрхэн хадгалж чадах вэ гэдэгт төвлөрнө” гэж тайлбарлав.

Шинэ дүрүүд, шинэ хүнд сорилтууд
Энэ улиралд Ги-хүний (Ли Жон Жэ) дотоод өөрчлөлт, сэтгэл зүйн гүн уналт илүү гүнзгий дүрслэгдэнэ. Хамтрагч Жон-бэ (Ли Со Хван)-гийн үхэл түүнийг гүн хямралд оруулсан ба энэ нь түүнийг хэн болж өөрчлөгдөхийг тодорхойлно.

Хван мөн шинэ дүр Мён-ги (Им Ши Ван)-гийн өөрчлөлт дээр онцгойлон анхаарахыг зөвлөсөн. “Ги-хүн хамгийн их өөрчлөгдөх боловч Мён-ги — тэр хүүхдийн аав — хамгийн их дүрийн хөгжлийг туулна. Түүний хувьслыг анхаараарай” хэмээн хэлжээ.

Бяцхан нууц: хүүхдийн уйлах дууны цаадах утга
Цувралын гуравдугаар улирлын трейлерийн төгсгөлд хүүхдийн уйлах дуу гарч буй нь олон таамаг төрүүлээд байна. “Бяцхан уйлах дууг та сонссон. Тэгэхээр улиралд хүүхэд гарч ирэх боломжтой. Энэ хүүхэд бол зөвхөн Жүн-хигийн хувьд биш, тоглоомын бүх оролцогчийн хувь тавиланд нөлөөлөх маш чухал үүрэгтэй дүр” гэж Хван ам нээжээ.

Нээлтийн огноо
“Squid Game” цувралын гуравдугаар улирал 2025 оны зургадугаар сарын 27-нд Netflix дээр нээлтээ хийнэ.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.