DC-ийн шинэ кино ертөнцийн эхлэл болсон “Superman” нь үзэгчдийг хоёр хувааж мэдэх “гэнэн бөгөөд этгээд” бүтээл болжээ. Найруулагч Жеймс Ганн энэхүү киногоо ерөнхий үзэгчдэд биш, өөртөө болон комик номын үнэнч шүтэн бишрэгчдэд зориулан хийсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Гүн утгат түүх биш, хөнгөн хуумгай эхлэл
2023 онд DC-ийн хуучин кино ертөнц “Shazam! Fury of the Gods”, “The Flash”, “Blue Beetle”, “Aquaman and the Lost Kingdom” зэрэг бүтээлүүдийн амжилтгүй оролдлогоор өндөрлөсөн. Үүний дараа Ганн Marvel-ийн “Guardians of the Galaxy” цувралаар олны танил болсон туршлагаа ашиглан DC-ийн шинэ кино ертөнцийн эхлэл болох “Superman”-ийг найруулсан ч хүлээлтийг бүрэн хангаж чадсангүй.
Ганн Супермэний гарал үүсэл, эхлэл түүхийг дахин хүүрнэхээс татгалзан, үйл явдлыг аль хэдийн Супермэн болсон үеэс эхлүүлдэг. Тэр Метрополис хотыг гурав дахь жилдээ хамгаалж байгаа, Лоис Лейнтэй дотноссон, Лекс Лютортой аль хэдийн өш хонзонтой болсон байдлаар гарч ирдэг. Түүгээр ч барахгүй энэ кинонд Супермэн ганцаараа супер хүчтэй биш бөгөөд DC-ийн ертөнц дэх “Justice Gang” гэх бүлэгтэй зэрэгцэн ажиллаж, зарим тохиолдолд зөрчилддөг. Тус бүлэгт Грийн Лантерн (Натан Филлион), Мистер Террифик (Эди Гатеги), Хаукгёрл (Изабела Мерсед) багтсан.
Этгээд, инээдэмтэй, гэхдээ хэт хурдацтай
Энэхүү өвөрмөц хандлага эхэндээ сонирхолтой мэт санагдах авч, кино дунд үеэс эхлэн “төвөгтэй, хэтэрхий хөөцөлдсөн” сэтгэгдэл төрүүлдэг. Нэг кинонд: клон, гипно шил, халаасны орчлон, галт амьтан мэт мангас, “Planet Watch” гэх зэвсэглэсэн бүлэг, нисдэг аварга нүд, метахүмүүсийн улс төрийн үр дагавар, цахим сүлжээгээр тараагдаж буй мэдээллийн тухай маргаан зэргийг багтаасан байдаг. Энэ бүхэн нь Ганн ганц л кино хийх эрхтэй байж магадгүй хэмээн бүх санаагаа нэг дор багтаахыг хичээсэн мэт санагдуулна.
Сэтгэл хөдлөл ба гүн гүнзгий дүрслэл үгүйлэгдэнэ
Киноны дүрслэл, үйл явдал хэт хурдацтай урагшлах тул ямар ч сэтгэл хөдлөл төрүүлэхгүй. Тэнгэр баганадсан барилгууд нурж, мангасууд Метрополис хотод сүлжилдэн, өөр орчлон руу үсрэх мэт зүйлс өрнөх ч, Жон Уильямсын алдарт хөгжмийг хэд хэдэн удаа ашигласан ч, 1978 оны “Superman”-ийн сэтгэл татам уур амьсгал огт мэдрэгдэхгүй.
Дэвид Коренсветийн Супермэн – дүр төрх сайтай ч дотоод сэтгэл үгүйлэгдэнэ
Дэвид Коренсвет Супермэний дүрийг дүр төрхөөрөө сайн бүтээсэн ч, түүний хүний мөс чанар, эерэг зан чанарыг кинонд харуулах цаг зав үлдээгүй бололтой. Түүний Кларк Кент Лоис Лейнд уурлаж хашхичдаг, сэтгэл хөдлөлөө удирдаж чадахгүй эрэгтэйгээр дүрслэгдэнэ. Хүчирхэг, өөрийгөө золиослох бэлгэдэлтэй Супермэн гэхээсээ илүү “ууртай баатар”-ын дүр харагдана.
Дүгнэлт
Ганны “Superman” нь өөрийн этгээд уран сэтгэмжийг бүрэн дүүрэн харуулсан бүтээл болсон ч, хэт их санаа багтаах гэж оролдсоноос болж жинхэнэ сэтгэл хөдөлгөм, зорилго бүхий кино болж чадаагүй. Энэ кино комик ном сонирхогчдод инээдтэй, этгээд төрхөөр сонирхол татаж магадгүй ч, өргөн үзэгчдэд хандсан супер баатрын кино байж чадаагүй нь харамсалтай.