Өнөөдөр БНСУ-ын алдарт «T-Ara» хамтлаг Улаанбаатарын Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх гэж байна. 2009 онд анх таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан тус хамтлаг нь K-pop-ын хоёр дахь үеийн хамгийн нөлөө бүхий төлөөлөгчдийн нэг хэмээгддэг. Хамтлагийн нэр “Tiara” буюу титэм гэсэн утгатай.
«T-Ara» 2017 онд албан ёсоор тарж байсан ч гурван жилийн дараа буюу 2020 онд дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр эргэн нэгдсэн юм. Албан ёсны YouTube сувгийн нийт видеонууд нь өнөөдрийн байдлаар 941 сая гаруй үзэлттэй байна.
Монголын үзэгчид тэднийг өмнө нь, 2013 онд «ETV» телевизийн урилгаар «Core Contents Media»-ийн бусад хамтлагуудын хамт Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглож байсныг санаж байгаа. Тухайн үед тоглолтын энгийн тасалбарын үнэ 35 мянган төгрөг байсан бол энэ удаагийн тоглолтыг «MON Entertainment» зохион байгуулж байгаа бөгөөд энгийн тасалбарын үнэ 150 мянган төгрөг болжээ.