“Big Bang” хамтлагийн хуучин гишүүн, реппер T.O.P 12 жилийн дараа бие даасан уран бүтээлчийн хувиар шинэ бүрэн хэмжээний цомгоо гаргахаар болжээ. Түүний хамгийн сүүлд гаргасан соло бүтээл нь 2013 онд олны хүртээл болсон “Doom Dada” дуу байсан бөгөөд энэ удаагийн шинэ цомог ирэх аравдугаар сардаа багтан цацагдах төлөвтэй байна.
Уран бүтээлийнхээ хүрээнд тэрээр өмнө нь “Squid Game 2” цувралын үеэр хамтран ажиллаж байсан зургийн дарга Ча Кён Сунтай дахин хамтарч байгаа аж. Ча Кён Сун нь 2022, 2025 онуудад “Art Directors Guild”-ийн шагнал хүртэж, мөн 2022 онд “Primetime Emmy”-гийн эзэн болсон туршлагатай уран бүтээлч юм.
T.O.P-ийн шинэ уран бүтээлийн талаархи цуурхал өмнө нь ч хэдэнтээ гарч байсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шүтэн бишрэгч нь Инстаграмаар дамжуулан хэзээ шинэ уран бүтээл гаргах талаар асуухад тэрээр “2025” гэж хариулсан байдаг. Түүнчлэн энэ оны зургадугаар сард “Squid Game 2”-ын сурталчилгааны үеэр өгсөн ярилцлагадаа ч шинэ цомгийн тухай дахин дурдсан билээ.
T.O.P 2021 онд “YG Entertainment”-аас гарч, “Big Bang”-ийн үйл ажиллагаанаас бүр мөсөн хөндийрсөн. Үүнээс хойш ямар нэгэн агентлагт харьяалагдаагүй ч салбарын эх сурвалжийн мэдээлснээр тэрээр “Kakao Entertainment”-тай гэрээ байгуулах магадлал өндөр байгаа аж.
Гэсэн ч түүний замналд маргаангүй дуулиан ч бий. 2016 онд цэргийн алба хааж байхдаа тэр марихуан хэрэглэсэн хэрэгт холбогдож, эхэндээ 10 сарын хорих ял авсан ч дараа нь хоёр жилийн тэнсэн ял болгон өөрчлөгдсөн. Энэ үйл явдлын дараа урлагийн салбараас бүр мөсөн холдоно гэж мэдэгдсэн ч эцэст нь “Squid Game 2” цувралд дүр бүтээж, дахин урлагийн тайз, дэлгэцэнд эргэн ирсэн юм.