Өмнөд Солонгосын алдарт дуучин TAEYANG Монголд ирж, KPOP урсгалын хамгийн том наадам болох “SUPER CONCERT 2025”-т оролцохоор болсон нь хөгжмийн хорхойтнуудын хувьд энэ зуны хамгийн хүлээлттэй мэдээ болоод байна. Уг тоглолтын зохион байгуулагчаар ажиллаж буй “Evandis Entertainment”-ийн гүйцэтгэх захирал Ко Сонг Хүн News.mn-д өгсөн ярилцлагадаа олон чухал мэдээллийг дэлгэжээ.
Тэрбээр Өмнөд Солонгост төрж, Монголд өссөн бөгөөд 2019 онд үндэслэн байгуулсан “Evandis” компаниар дамжуулан Монгол, Солонгосын соёлын харилцаанд гүүр болж яваа нэгэн. Энэхүү тоглолтод дэлхийд танигдсан TAEYANG болон AILEE нараас гадна Монголын залуу уран бүтээлчид болох Morningstar, Doid, Tsetse, AM-C, FOUX нар оролцоно.
TAEYANG “BIG BANG”-ийн дуунуудаа дуулна
Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр “Taeyang 2-3 дуу л дуулна” гэх ташаа мэдээлэл гарсан ч Ко Сонг Хүн “Taeyang нийт 9-10 дуу дуулах бөгөөд түүний дунд ганцаарчилсан бүтээлүүдээс гадна “BIG BANG” хамтлагийн хэд хэдэн хит дуу орно. Хэрвээ уур амьсгал сайхан байвал нэмэлт дуу ч дуулж магадгүй” хэмээн албан ёсоор баталсан байна.
Харин Ailee-ийн хувьд “I Will Show You” зэрэг шилдэг бүтээлүүдээ тайзнаа амилуулах бөгөөд нөхрийн хамт Монголд ирэхээр болжээ. Түүнчлэн тоглолтын дараа Монгол орны байгалийг үзүүлж, уран бүтээлчдийн сэтгэлд үлдэх дурсамжтай аялал зохион байгуулахаар төлөвлөж буйг дурдсан.
Том оддыг Монголд авчрах дараагийн зорилт — Blackpink
Ко Сонг Хүний хэлснээр “Evandis” энтертайнментын алсын хараа бол зөвхөн энэ удаагийн тоглолтоор хязгаарлагдахгүй. Цаашид дэлхийн оддыг Монголд авчрах төдийгүй Монголын урлаг, соёлыг олон улсад таниулах зорилготой. Тэрбээр “Blackpink”-ийн дэлхийн аялал хуваарь шахуу байгаа ч тэднийг Монголд авчрах хүсэл, бэлтгэл ажлыг дурдаж, хэрэв боломж гарвал “Evandis” зайлшгүй оролцоно хэмээн онцолсон.
Үзэгчдэд хандан…
“Super Concert 2025” бол зүгээр нэг энтертайнмент шоу биш, харин дурсамж бүтээх, шүтээнтэйгээ уулзах онцгой мөч байх болно. Тиймээс үзэгчдэд урам хайрласан баннер, дууг нь хамт дуулж, тайзны гэрэл асаах зэргээр сэтгэлээ илэрхийлэхийг уриалж байна. Мөн тоглолтын үеэр Taeyang-ийн албан ёсны нэрийн бүтээгдэхүүнүүдийг борлуулах болно.