Нүүр хуудас УрлагТайз, дэлгэцийн од А.Ганчимэгийн төрсөн өдөр тохиож байна

Тайз, дэлгэцийн од А.Ганчимэгийн төрсөн өдөр тохиож байна

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Монголын орчин үеийн кино, театрын уран бүтээлд өөрийн өвөрмөц өнгө төрхөөр хүч түрэн орж ирсэн А.Ганчимэг өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэж байна. “Хэцүү анги” олон ангит киноны Зулаа гэх дүрээр олны сэтгэлд гүн бат шингэсэн түүнийг өдгөө авьяаслаг жүжигчин, зохиолч, продюсер гэдгээр нь олон нийт илүүтэй таних болсон.

СУИС-ийг дүүргэсний дараа Улсын драмын эрдмийн театрт хөл тавьсан тэрээр “Сарны цагаан цус” жүжгийн Ханаму бага хатан, “Оролмаа эх” жүжгийн бага охин, “Гамлет”-ын Офелия, “Тэнгэрийн хүү”-гийн Шива хатан зэрэг олон арван дүрд чадварлаг тоглож, тайзны уран бүтээлийн нарийн мэдрэмжтэй жүжигчин гэдгээ харуулсан.

Үүний дараа “Хувьсал” продакшны бүтээлүүд болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Атганд үлдсэн эрдэнэ” зэрэг уран сайхны кинонд гол дүр бүтээж, дэлгэцийн уран бүтээлд ч мөн амжилттай оролцсон юм.

Сүүлийн жилүүдэд тэрээр Гавьяат жүжигчин, найруулагч Д.Ганцэцэгийн хамтаар “Аримун” продакшныг удирдан, 2019 онд “Халуун зүрх”, 2023 онд “Хүний ээж” зэрэг уран сайхны киног амжилттай бүтээжээ. Эдгээр бүтээл нь олон улсын кино наадмуудаас нэр хүндтэй шагналууд хүртсэн бөгөөд кино зохиолыг нь А.Ганчимэг өөрөө бичиж, гол дүрийг нь ч мөн өөрөө амилуулсан юм.

Түүнийг тун удахгүй “Номадиа” пикчерс болон “Фалко” энтертайнментийн хамтран бүтээж буй “Гарц” олон ангит киноны хоёрдугаар бүлэгт дахин гол дүрээр тоглох гэж байгааг үзэгчид тэсэн ядан хүлээж байна.

Тайз, дэлгэц хоёуланд гэрэлтэн амжилттай уран бүтээл туурвисаар буй А.Ганчимэгт төрсөн өдрийн мэнд хүргэе!

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх