“Татар” хамтлагийнхан Багш нарын баярын өдөр алдарт “Ардын багш” дууныхаа жинхэнэ эзэнтэй буюу ангийнхаа багш Б.Сономбалжиртай уулзжээ. Тус хамтлагийн гишүүд бүгд Нийслэлийн 39 дүгээр сургуулийн нэг ангийнхан бөгөөд багш нь тэдний уран бүтээлийн хамгийн сэтгэлд үлдсэн дууны урам зориг, эзэн болжээ.
“Ардын багш” дууны түүх
“Ардын багш” дууг “Татар” хамтлаг 2002 онд бичиж, мөн онд анх олонд хүргэсэн бөгөөд уг бүтээл нь хамтлагийн анхны “Татар” нэртэй цомогт багтсан байдаг. Энэхүү дуу нь Монголын боловсролын салбар, багш нарт хүндэтгэл үзүүлсэн бүтээлүүдийн нэг болон олон жил өнгөрсөн ч сонсогчдын сэтгэлд хоногшсон хэвээр байна.
“Татар” уран сайхны кино дэлгэцнээ гарчээ
Хамтлагийн уран бүтээлийн түүхээс сэдэвлэсэн “Татар” нэртэй уран сайхны кино одоо бүх кино театруудаар үзэгчдэд хүрч байгаа юм. Тус кинонд хамтлагийн түүх, нөхөрлөл, урлагийн замналын талаар өгүүлэхийн зэрэгцээ “Ардын багш” дууны эзний дүрийг жүжигчин Д.Ганцэцэг бүтээсэн байна.
“Ардын багш” дуу шинэчлэгдэн дуулагдлаа
Киноны гол дүрийг бүтээсэн жүжигчид болох Х.Сумъяадорж, Н.Түвшин, Б.Тэмүүжин нар “Ардын багш” дууг орчин үеийн найруулгаар шинээр дуулж, дүрсжүүлэн үзэгчдэд хүргэжээ.