Монголын хип-хопын түүхэн хэсгийг өгүүлэх “TATAR” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс эхлэн бүх кинотеатруудаар нээлтээ хийх гэж байна. Үзэгчид одооноос тасалбараа урьдчилан захиалах боломжтой болжээ.
Энэхүү бүтээл нь зөвхөн нэг хамтлагийн дурсамж биш, харин тухайн үеийн залуусын амьдрал, сонголт, мөрөөдөл, тэмцлийн тухай өгүүлэх бөгөөд Монголын хөгжмийн ертөнцийн нэгэн шинэ хуудсыг харуулах юм.
Киноны зохиолыг А.Миеэгомбо, Т.Билгүүн, Л.Ариунболд нар бичиж, ерөнхий найруулагчаар Б.Батдэлгэр, ерөнхий продюсероор Д.Мөнхчулуунтатар ажиллажээ. Бүтээлийг “Татар” хамтлаг “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red Point Media”, “SO Media”-тай хамтран бүтээсэн байна.
Гол дүрүүдийг реппер, жүжигчин Gangaa (Д.Ганбат), жүжигчин Х.Сумъяадорж, Н.Түвшин, Б.Тэмүүжин, Б.Балжинням нар амилуулжээ.