“The Life of a Showgirl” эхний өдрөө 2.7 сая хувь борлогджээ
Америкийн поп од Тейлор Свифтийн 12 дахь студийн цомог “The Life of a Showgirl” худалдаанд гарсан эхний өдрөө 2.7 сая хувь (биет болон дижитал форматыг хамтад нь тооцсон) борлогдсон талаар Luminate компани мэдээллээ.
Цомог нь 2025 оны аравдугаар сарын 3-нд худалдаанд гарсан бөгөөд Свифт өөрийн өмнөх бүх амжилтыг ганцхан өдрийн дотор шинэчилжээ. Түүний 2024 онд гаргасан “The Tortured Poets Department” цомог АНУ-д эхний долоо хоногтоо 2.61 сая хувь борлогдож байсан бол шинэ бүтээл нь уг тоог давсан байна.
Орчин цагийн түүхэнд хоёр дахь хамгийн өндөр борлуулалт
“The Life of a Showgirl” цомог нь орчин цагийн хөгжмийн түүхэнд долоо хоногийн дотор хамгийн олон хувь борлогдсон хоёр дахь цомог болжээ. Энэ амжилтыг Свифт ердөө нэг өдрийн дотор тогтоосон нь онцлог юм.
Өдгөө энэхүү жагсаалтын тэргүүнд Английн дуучин Аделийн “25” цомог хэвээр байна. Тэрбээр 2015 онд АНУ-д худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 3.378 сая хувь борлуулсан байдаг.
Мөн Luminate-ийн мэдээлснээр, “The Life of a Showgirl” нь АНУ-д 1.2 сая пянз борлуулсан нь нэг долоо хоногийн дотор хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Өмнөх дээд амжилт мөн л Тейлор Свифтийн “The Tortured Poets Department” цомогт (889 мянган хувь) харьяалагдаж байсан юм.