“Тэнгисийн эрэг дээрх 24/7” реалити шоуны хоёрдугаар улирал хоёр сар үргэлжилсэн сэтгэл хөдлөл, сорилт, болзоогоор дүүрэн аяллаа өндөрлүүлж, эцсийн ангиудаа цацлаа. Энэ улиралд оролцогчид мэдрэмж, сэтгэл зүйн сорилт, огцом шийдвэрүүдтэй тулгарч, эцэст нь дөрвөн хос үлдэн, сэтгэл зүрхнийхээ жинхэнэ эзнийг сонголоо.
Эцсийн шатны сорилт: Хайр уу, мөнгө үү?
Шоуны төгсгөлд хосууд хайр болон мөнгөний аль нэгийг сонгох хүндхэн шийдвэрийн өмнө ирсэн ч бүгд “Хайр”-ыг сонгож, сэтгэлээ шингээсэн захидал солилцов.
Финалд үлдсэн дөрвөн хос:
Нацаг & Золоо
Анх өөр хүмүүс рүү татагдаж байсан ч, шоуны явцад бие биедээ татагдаж, сэтгэлээ нээсэн хос. Насны дөрвөн жилийн зөрүүтэй тэдний харилцаа “хайр тэнгисийг гатална” гэдгийг баталсан.
- Нацаг: “Ирээдүйд бичигдэх түүхийн эхлэл өнөөдөр…”
- Золоо: “Захиа минь чамаар эхэлж, чамаар дуусаж байгаад баяртай байна”
Цэлмэг & Урин
Үзэгчдэд хамгийн их хайрлагдсан хос. Найзын харилцаанаас жинхэнэ сэтгэл рүү дэвшсэн тэдний түүх хамгийн органик, дулаахан уур амьсгалыг бүрдүүлсэн.
- Урин: “Чи маскгүйгээрээ дэндүү гайхалтай хүн шүү”
- Цэлмэг: “Сүнсгүй болсон би өөрөө ч ойлгохоо больсон. Харин одоо хайраа олсон”
Тамираа & Jieun
Шоуны хамгийн залуу хос. Анхны сэтгэгдэл төөрөгдөл байсан ч, танилцаж, ярилцаж, ойлголцсоноор гүн гүнзгий холбоо үүсгэсэн.
- Тамираа: “Чиний нүдэнд харахад бүх зовлон мартагддаг”
- Jieun: “Чи миний зүрхийг хулгайлсан”
Trae & Тод
Энэ улирлын хамгийн хүчтэй хос. Шоуны явцад албан ёсоор үерхэж эхэлсэн тэд шоунаас гадуур ч болзож буйгаа ил тод зарласан анхны хос болжээ.
- Тод: “Сүүлчийн захианы эзэн минь чи”
- Trae: “Чи бол миний амьдралын гэнэтийн, хамгийн нандин бэлэг”
“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоу залуусын сэтгэлийн аялал, хайр, итгэлцэл, шийдвэр гаргалтын үнэ цэнийг илэрхийлсэн хүчтэй контент болж чадлаа. Хамтдаа инээж, уйлж, тэмцэж, уучилж, ухаарсан тэдний түүх дараагийн улиралд үргэлжлэх үү гэдэг асуулт үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байна.