New Line-ийн бүтээл болох “The Conjuring: Last Rites” кино нээлтээ хийснээсээ хойш шууд амжилтын жагсаалтыг тэргүүлж эхэллээ. АНУ-д нээлтийн эхний өдрүүдэд 83 сая ам.долларын орлого олж, зөвхөн баасан гарагт 34.5 сая ам.доллар цуглуулжээ. Үүнээс 8.5 сая нь пүрэв гарагийн урьдчилсан үзүүлэлтээс бүрдсэн бөгөөд энэ нь цувралын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтээр бүртгэгдлээ.
Энэхүү бүтээл нь зөвхөн “Conjuring Universe”-ийн хамгийн том нээлт байгаад зогсохгүй, бүх цаг үеийн гурав дахь том аймшгийн киноны нээлт болж чадсан юм. Warner Bros-ын хувьд энэ бол 2025 онд 40 саяаас дээш нээлтийн орлого олсон долоо дахь бүтээл болж, студийн хувьд онцгой амжилтыг харууллаа.
Олон улсын зах зээл дэх амжилт
“The Conjuring: Last Rites” зөвхөн дотооддоо биш, дэлхийн зах зээлд ч хүчтэй эхлэлтэй байв. Эхний долоо хоногийн 50 сая ам.долларын таамгийг хол давж, 104 сая ам.долларын нээлтийн орлогоор олон улсад амжилт үзүүлжээ. Ингэснээр дэлхий даяар нийт 187 сая ам.доллар цуглуулсан байна. Төсөв нь ердөө 55 сая байсан тул Warner болон New Line-ийн хувьд ашигтай эхлэл болж байна.
Киноны тухай
Энэхүү бүтээл нь 2021 онд гарсан “The Conjuring: The Devil Made Me Do It” киноны үргэлжлэл бөгөөд Pennsylvania мужид болсон алдарт “Smurl haunting” хэрэг дээр үндэслэжээ. Lorraine (Vera Farmiga) болон Ed Warren (Patrick Wilson) нар дэлгэцнээ хамтдаа гарч буй сүүлийн бүтээл болсон нь онцлог.
2013 онд анхны “The Conjuring” кино үзэгчдэд хүрснээс хойш тус франчайз нийт 2.3 тэрбум ам.долларын ашиг олж, бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой аймшгийн цуврал болсон юм. “Last Rites” нь Phase One-ыг хааж байгаа ес дэх бүтээл бөгөөд дараагийн үе шат буюу Phase Two удахгүй эхлэх нь тодорхой болж байна.
Киног Michael Chaves найруулж, James Wan болон Peter Safran нар продюсероор ажилласан. Гол дүрүүдэд Mia Tomlinson, Ben Hardy нар тоглосон бол IMDb дээр 7.1/10 үнэлгээ аваад байна.
Онцлох рекордууд
- 2013 онд гарсан анхны “The Conjuring” кино 41 сая ам.долларын орлоготой нээлтээ хийж байсан бол дараагийн ангиуд энэ үзүүлэлтийг гүйцэхгүй явсан.
- 2018 онд “The Nun” 53.8 сая ам.доллараар дээд амжилт тогтоож байсан бол “Last Rites” бүх рекордыг эвдлээ.
- Олон улсын зах зээлд 66 орноос 104 сая ам.доллар цуглуулж, нийт 187 сая ам.долларын дэлхийн нээлт хийсэн нь “It: Chapter Two”-ийн (92 сая ам.доллар) үзүүлэлтийг давсан.
- Нийтдээ 9 бүтээлтэй Conjuring цуврал 2.3 тэрбум ам.долларын ашигтайгаар бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой аймшгийн франчайз хэвээр байна.
Warner Bros-ын хувьд “The Conjuring: Last Rites” энэ онд 40 саяаас дээш нээлтийн орлого хийсэн долоо дахь бүтээл болж, өмнөх бүтэлгүйтэлүүдийн дараа “Superman”, “Minecraft Movie”, “Final Destination: Bloodlines” зэрэг амжилттай төслүүдээр эргэн сэргэж байгааг баталлаа.
1 comment
Найзуудтайгаа үзэхэд яг тохирсон кино юм байна