Монголчуудын бахархал болсон, хүннү рок урсгалаар дэлхийг байлдан дагуулсан “The Hu” хамтлаг анх удаа алс баруун хязгаар — Увс аймагт амьд тоглолтоо хүргэхээр болжээ. Энэхүү тоглолт нь Увс аймгийн 100 жилийн ойн хүрээнд нутгийн залууст зориулан зохион байгуулагдаж буй бөгөөд үндэсний язгуур соёлыг дээдлэн таниулах зорилготой.
“The Hu – Uvs 100” нэртэй энэхүү тоглолт долдугаар сарын 31-ний өдөр 19:00 цагаас Улаангом хотын төв цэнгэлдэх хүрээлэнд ганцхан удаа болох юм. Монголын хөгжмийн урлагт томоохон байр суурь эзэлдэг тус хамтлагийн тоглолтыг дэргэдээс нь үзэх боломж нь Увсын ард түмэнд төдийгүй бүс нутгийн хөгжмийн сонирхогчдод ховорхон тохиох завшаан болоод байна.
Тоглолтыг “Өнгүр буурч” ХХК ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Монголын залуучуудын холбоо, “Талын Монгол” телевиз, “Aris fashion”, “Bojss cosmetic”, “Sodon fashion” зэрэг байгууллагууд оролцож байна.
Энэ бол зөвхөн Увсын төдийгүй Монголын хөгжмийн түүхэнд онцлох тоглолтуудын нэг байж мэдэх бөгөөд үндэсний соёл, өв уламжлалыг орчин үеийн хөгжмийн хэлээр түгээгч “The Hu” хамтлагийн үзүүлбэрийг тив дэлхийн олон сая сонсогчийн нэгэн адил Монголчууд маань өөрийн нутаг дэвсгэр дээрээ, тэр тусмаа түүхэн ойн хүрээнд үзэх нь онцгой ач холбогдолтой юм.