Нүүр хуудас Үйл явдал ба зар«The MongolZ» баг маргааш BLAST Bounty Fall 2025 тэмцээний урьдчилсан шатанд хүч үзнэ

«The MongolZ» баг маргааш BLAST Bounty Fall 2025 тэмцээний урьдчилсан шатанд хүч үзнэ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Цахим спортын «Counter-Strike 2» төрлийн хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийн нэг болох BLAST Bounty Fall 2025 гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээнд нийт 500 мянган ам.долларын шагналын сантайгаар дэлхийн шилдэг 32 баг өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаас «The MongolZ» баг дэлхийн чансаагаар уригдан оролцож байна. Энэхүү тэмцээнд тус баг 1xBet Mongolia албан ёсны ивээн тэтгэлгээр оролцож байгаа юм.

Урьдчилсан шатны бүх тоглолт нугалааны зарчмаар явагдах бөгөөд ялагдсан баг тэмцээнээ шууд өндөрлүүлнэ. Харин дараагийн шатанд шалгарсан найман баг аваргын төлөө энэ сарын 14-17-нд Бүгд Найрамдах Мальта Улсад тоглохоор товлогджээ.

«The MongolZ» багийн эхний тоглолт наймдугаар сарын 8-ны Баасан гарагт, Финландын ENCE багийн эсрэг 17:00 цагт болох бөгөөд “Best of 3” буюу гурван «map»-аар ялагчийг тодруулах форматаар явагдана. Манай баг өмнө нь «Elisa Masters Espoo 2024» тэмцээнд ENCE багтай оноолт таарч, 1:2 харьцаатай хожигдож байсан түүхтэй.

Мөн анхаарал татах бас нэг мэдээлэл бол есдүгээр сарын эхээр Английн Лондонд зохион байгуулагдах BLAST Open Fall 2025 тэмцээнд “The MongolZ” багийн оролцох боломжгүй болсон явдал юм. Багийн удирдлагуудын мэдэгдсэнээр олон улсын тэмцээнүүдийн шахуу хуваарьтай холбоотойгоор виз мэдүүлэх боломж бүрдээгүй байна.

Тэмцээнд мөн Монголын тамирчин Г.Эрдэнэцогт (erkaSt)-ийн дасгалжуулж буй Австралийн «FlyQuest» баг оролцож байгаа бөгөөд тэд Туркийн «Aurora Gaming» багийн эсрэг 19:30 цагт тоглох товтой. Хэрэв ялалт байгуулбал шөвгийн 16-д шалгарна.

BLAST Bounty Fall 2025 тэмцээнд дэлхийн шилдгүүд болох Францын «Team Vitality», Украины «Natus Vincere», Европын «FaZe Clan», Германы «MOUZ», Оросын «Team Spirit» зэрэг алдартай багууд өрсөлдөж байгаа нь тэмцээний өрсөлдөөнийг улам ширүүн болгож байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх