Саудын Арабын Хаант улсад болж буй “Mobile Legends: Bang Bang” тоглоомын “EWC x MSC 2025” олон улсын тэмцээн эхэлжээ. Энэхүү тэмцээн нь 3 сая ам.долларын шагналын сантай бөгөөд цахим спортын ертөнцөд хамгийн өндөр хүлээлттэй тэмцээнүүдийн нэг юм.
Монгол Улсаа төлөөлөн оролцож буй “The MongolZ” MLBB баг “Wildcard” шатнаас өрсөлдөж эхлэх бөгөөд тэдний эхний тоглолт өнөөдөр 19:00 цагт эхлэх юм. Энэхүү тоглолтод тэд “Legion Esports” багийн эсрэг өрсөлдөнө.
“Wildcard” шатанд оролцож буй нийт найман багийг хоёр хэсэгт хувааж, сугалаагаар тоглолтын дарааллыг тогтоосон байна. Хэсгээс шалгарсан шилдэг хоёр баг плэй-офф шатанд дэвшинэ.
Энэхүү тэмцээнд оролцож буй нь “The MongolZ” багт томоохон боломж бөгөөд Монголын цахим спортын хөгжлийг дэлхийд таниулах чухал алхам хэмээн үзэж байна. Фэнүүд багтаа амжилт хүсэн дэмжиж, анхны ялалтаа авахыг тэсэн ядан хүлээж байна.