Алдарт жүжигчин Tom Holland саяхан “Flip Your Wig” ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Spider-Man: Brand New Day” киноны талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлжээ. Уг кино нь Marvel Studios болон Disney-ийн хамтын бүтээл болон 2026 оны долдугаар сарын 31-нд албан ёсоор үзэгчдийн хүртээл болох юм.
Энэхүү шинэ ангийн найруулагчаар “Shang-Chi and the Legend of the Ten Rings” киноны найруулагч Destin Daniel Cretton ажиллаж байгаа бол өмнөх гурван ангийг Jon Watts найруулж байсан билээ. Томоохон өөрчлөлтүүдийн нэг нь чухамдаа үүнтэй холбоотой байж мэдэх бөгөөд үзэгчдэд цоо шинэ мэдрэмж өгөхийг зорьжээ.
Tom Holland ярилцлагын үеэр “Энэ кино ‘No Way Home’-оос бүрэн өөр. Зураг авалт, өгүүлэмж нь илүү хуучны хэв маягтай байх бөгөөд бид өмнөх шиг зөвхөн студид биш, жинхэнэ байршлуудад ажиллаж байна” гэж онцлон хэлсэн юм.
Киноны үйл явдлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор нууц хэвээр байгаа ч хэд хэдэн шинэ дүр аль хэдийн ил болоод байна. Жишээлбэл, Jon Bernthal энэ удаа Punisher-ийн дүрд эргэн ирэх бол, Stranger Things цувралаар танигдсан Sadie Sink Marvel ертөнцөд анх удаа шинэ дүрээр нэгдэнэ. Мөн өмнөх ангид тоглосон Zendaya (MJ), Jacob Batalon (Ned) нар ч энэ ангид үргэлжлүүлэн оролцох нь тодорхой болжээ.
Tom Holland цааш ярихдаа “No Way Home”-ийн төгсгөл нь олон хүнд асуулт үлдээсэн. Peter Parker өөрийнхөө хамгийн дотны хүмүүсийг аврахын тулд тэднийхээ ой ухаанаас арчигдаж, хэн ч биш болсон. Энэ бол өөрийгөө бүрэн золиосолсон хэрэг байсан. Тиймээс ‘Brand New Day’ бол жинхэнэ шинэ эхлэл” хэмээн илэрхийлжээ.
Түүний хэлснээр “Spider-Man-ий дүрд дахин тоглоно гэдэг нь яг л хуучин дотно найзтайгаа дахин уулзаж байгаа мэт санагдсан. Өмнөх ангид цар тахлын улмаас бид зөвхөн студид зураг авалт хийж, CGI технологид түшиглэж байсан бол энэ удаа бодит байгаль, хот суурин газруудад зураг авалтаа хийж байна. Тухайлбал, бид Glasgow хотод зураг авалтаа эхлүүлээд байгаа бөгөөд тус хотод маш том үйл явдлын хэсгийг авах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Spider-Man цувралын өмнөх гурван анги бүгд box office-д өндөр амжилт үзүүлсэн. 2017 оны “Homecoming” 880 сая ам.доллар, 2019 оны “Far From Home” 1.13 тэрбум ам.доллар, 2021 оны “No Way Home” 1.9 тэрбум ам.долларын ашиг олсон нь Marvel-ын хамгийн амжилттай франчайзуудын нэг болгож чадсан юм.
Шинэ ангийн талаар олон фэнүүд ихээхэн хүлээлттэй байгаа нь ойлгомжтой. Peter Parker өмнөх бүх ойр дотнын хүмүүсээ алдаж, MJ болон найзууд нь түүнийг танихаа больсон тул уг кино үнэхээр цоо шинэ замнал, шинэ сорилт, шинэ түүхийг эхлүүлж магадгүй байна. Үүгээрээ анхны Spider-Man киноны сэтгэл хөдлөл, драматик орчин, бие даасан тулаануудыг ч эргэн санагдуулах боломжтой болжээ.