Нүүр хуудас УрлагУДБЭТ-ын дуучин Э.Анхбаяр дэлхийн тайзаас эх орондоо эргэн ирлээ

УДБЭТ-ын дуучин Э.Анхбаяр дэлхийн тайзаас эх орондоо эргэн ирлээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

2025 оны есдүгээр сарын 19-нд болох Хибла Герзмавагийн нэрэмжит дуурийн дуучид болон төгөлдөр хуурчдын хоёрдугаар уралдааны шагналтнуудын гала тоглолтод Монголын дуурийн урлагийн сор болсон уран бүтээлч, Гавьяат жүжигчин Э.Анхбаяр тайзнаа дахин гялалзахаар болжээ.

Энэхүү гала тоглолтын онцлох зочдоор Э.Анхбаяраас гадна Казахстаны Абай нэрэмжит Улсын дуурь, бүжгийн академик театрын гоцлол дуучин Дамир Садуахасов, Армен улсын нэрт гоцлол дуучин, ОХУ-ын Большой театрын тайзнаа дуулж байсан Элен Егиазарян нар оролцох бөгөөд дэлхийн шилдэг дуучдын нэгэн гайхамшигтай үдэш болох хүлээлттэй байна.

Э.Анхбаяр нь УДБЭТ-ын тайзнаа Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Б.Шаравын “Чингис хаан”-ы Боорчи, Ж.Вердийн “Травиата”-гийн Жермон, Ж.Пуччинийн “Богема”-гийн Марчелло, П.И.Чайковскийн “Евгений Онегин”-ийн Онегин, Ж.Бизегийн “Кармен”-ы Эскамильо болон Данкайро, В.А.Моцартын “Дон Жуан”-ы Дон Жуан, Чайковскийн “Гилбэрийн хатан”-ы Елецкий зэрэг дэлхийн сонгодог дууриудад амжилттай тоглож, үзэгчдийн зүрх сэтгэлд тод мөр үлдээсэн.

Түүний уран бүтээлийн замнал олон улсын тавцанд ч мөн амжилтаар дүүрэн байв. Тэрээр ОХУ-ын Улан-Үдэ, Японы Токио, Нагоя, Австрийн Вена, Зальцбург, Голланд, Белги, Грек, Итали дахь Ла Скала, Большой театр зэрэг дэлхийн нэр хүндтэй тайзууд дээр уригдан дуулж байжээ.

Мөн Э.Анхбаяр нь Отто Эдельман, Елена Образцова, П.И.Чайковский, Хибла Герзмава зэрэг нэр хүндтэй олон улсын уралдаанд амжилттай оролцсон бөгөөд ВВС-ийн зохион байгуулдаг “Дэлхийн шилдэг дуучин” уралдааны хагас шигшээд шалгарч байсан нь түүний авьяас чадварыг бататгасан үзүүлэлт юм. Түүнчлэн Римский Корсаковын нэрэмжит уралдаанд дуурь болон романсын төрөлд зэрэг түрүүлсэн анхны монгол дуучин болж байв.

Монголын тайзнаа ийнхүү олон улсын хэмжээний дуучин, урлагийн төлөөлөгч эргэн ирж буй нь эх орныхоо үзэгчдэд урлагийн үнэт бэлэг барьж буй хэрэг юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх