Нүүр хуудас Боловсрол«Үхмээр байна, гэхдээ бас догбуги идмээр байна» номын зохиогч Пэк Сэхи таалал төгсжээ

«Үхмээр байна, гэхдээ бас догбуги идмээр байна» номын зохиогч Пэк Сэхи таалал төгсжээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Дэлхий даяар уншигчдын сэтгэлд хүрсэн зохиолч 35 насандаа хорвоог орхилоо

Өмнөд Солонгосын нэрт зохиолч Пэк Сэхи, олон улсад алдаршсан “Үхмээр байна, гэхдээ бас догбуги идмээр байна” номын зохиогч, 35 насандаа таалал төгссөн тухайг өнөөдөр тус улсын хэвлэлүүд мэдээллээ.

Пэк Сэхи нь тархины үхжил оноштой байсан бөгөөд нас барахынхаа өмнө эрхтнээ хандивлан таван хүний амийг аварсан байна. Солонгосын эрхтэн хандивлах агентлагийн мэдээлснээр тэрээр зүрх, уушги, элэг болон хоёр бөөрөө хандивлажээ.

Хүмүүсийн сэтгэлд хүрсэн бүтээл

Пэк Сэхигийн “Үхмээр байна, гэхдээ бас догбуги идмээр байна” хэмээх бүтээл нь зохиолчийн өөрийн сэтгэл гутралтай тэмцэл болон сэтгэл зүйчтэй хийсэн ярилцлагуудыг илэн далангүй өгүүлсэн тэмдэглэл хэлбэрийн ном юм.

Ном нь анх Солонгост хэвлэгдээд Их Британи, Герман, Испани, Итали, Бельги, Польш зэрэг 25 улсад орчуулагдан, дэлхий даяар уншигчдын сэтгэлд хүрсэн бүтээл болсон. Монгол хэлнээ мөн орчуулагдан хэвлэгдсэн билээ.

Зохиолчийн амьдрал ба уран бүтээлийн замнал

Пэк Сэхи 1990 онд Кёнги мужийн Гояан хотод гурван охинтой айлын дунд мэндэлжээ. Багаасаа унших, бичихэд дуртай байсан тэрээр их сургуульд бүтээлч бичихүйн чиглэлээр суралцан төгсөж, дараа нь хэвлэлийн салбарт таван жил ажилласан байна.

Түүний дүү охин Солонгосын эрхтэн хандивлах агентлагаар дамжуулан хэлэхдээ:

“Бичвэрээр дамжуулан зүрх сэтгэлээ бусадтай хуваалцдаг байсан эгч минь. Хайраар бялхсан, хэнийг ч үзэн яддаггүй байсан сэтгэл зүрх тань одоо амар амгаланг оллоо. Тандаа маш их хайртай” хэмээн сэтгэлийн үг хэлжээ.

Уншигчдын сэтгэлд мөнхрөх нэр

Пэк Сэхи нь сэтгэлзүйн ил тод байдлыг уран бүтээлээрээ илэрхийлж чадсан цөөн зохиолчдын нэг байсан бөгөөд түүний бүтээл олон хүнд итгэл, урам зориг өгсөн хэвээр байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх