Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесУитни Хьюстоны дуулснаар мөнхөрсөн “I Will Always Love You” дууны түүх

Уитни Хьюстоны дуулснаар мөнхөрсөн “I Will Always Love You” дууны түүх

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

1963 оны наймдугаар сарын 9-нд АНУ-ын Нью Жерси мужид төрсөн дуучин Уитни Элизабет Хьюстон нь хөгжмийн түүхэнд мартагдашгүй бүтээлүүдийн эзэн билээ. Түүний дуулснаар дэлхий даяар алдаршсан “I Will Always Love You” буюу “Үүрд чамдаа дурласаар дуусна” дуу хэдэн арван жилийн турш сонсогчдыг байлдан дагуулсаар иржээ.

Дууны эх сурвалж: Доли Партоны хайр, хагацлын түүх

Хүмүүсийн олонх нь уг дууг Уитни Хьюстоны бүтээл гэж боддог ч үнэндээ энэ дууны түүх 1970-аад оноос эхтэй. Америкийн алдарт кантри дуучин Доли Партон энэхүү дууг 1973 онд бичжээ. Тэр үедээ тэрээр өөрийг нь урлагийн замд хөтөлсөн продюсер, хамтрагч Портер Вагонер-той хайр сэтгэлийн холбоотой байсан ч мэргэжлийн өсөлт, ирээдүйн төлөө тусдаа замнах шийдвэр гаргасан байна.

Хөгжмийн шүүмжлэгч Куртис Эллисоны тайлбарласнаар, “I Will Always Love You” нь гэр бүлийн зөрчлөөс үүдсэн хагацлын тухай биш, харин нэгнийхээ мөрөөдөл, ирээдүйг хүндэтгэн, зайлшгүй салах шийдвэрийн тухай нандин хайрын түүхийг өгүүлдэг.

1974 оны зургаадугаар сарын 6-нд сингл хэлбэрээр гарсан даруйдаа Биллбордын кантри чартыг тэргүүлж, Канадын жагсаалтад дөрөвдүгээрт бичигдэн, тухайн үеийн америк, канадчуудын дуртай дуу болж чаджээ.

1980-аад оны дахин амжилт

1982 онд “The Best Little Whorehouse in Texas” киноны дуу болон дахин эгшиглэснээр уг бүтээл наяад оныхны дунд ахин хит болж, хөгжмийн түүхэнд хоёр дахь удаагаа оргилд хүрсэн байна.

Уитни Хьюстоны хувилбар ба 1990-ээд оны дэлхий нийтийн дурлал

1992 онд гарсан “The Bodyguard” кинонд Уитни Хьюстон уг дууг шинэ өнгө төрхтэйгөөр дуулж, дэлхий даяар, тэр дундаа Монголд ч сонсогчдын сэтгэлд хоногшсон. Киноны гол дүрд тоглосон, мөн продюсерын үүрэг гүйцэтгэсэн Кевин Костнер уг дууг заавал ашиглахыг санал болгож, Уитниг өөрийнх нь эхэнд сонгосон өөр дуунаас татгалзуулж чаджээ. Энэ шийдвэр нь уран бүтээлийн түүхэнд томоохон эргэлт авчирсан юм.

Дууны утга

Нэрнээс нь үүдэн хосуудын үүрд хамт байх амлалт гэж эндүүрэх нь олон, хуримын ёслолд хүртэл тоглодог. Гэвч үнэн хэрэгтээ, энэ нь хувь тавилангийн замаар салах болсон ч бие биедээ хайртай хэвээр үлдэх гунигт дуу юм.

Доли Партон болон Уитни Хьюстоны хоёулын дуулснаар “I Will Always Love You” хайр, хүндэтгэл, хагацлын тухай сонгодог бүтээл болон үлджээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх