Азийн улс үндэстнүүдийн ардын урлаг, гар урлалын өв соёлыг нэг дор харуулах “Asia Folk 2025” олон улсын наадам энэ сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Тус наадам нь Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэ удаад 11 улсын 170 уран бүтээлч оролцохоор бүртгүүлээд байна. Оролцогч орнуудад Япон, БНСУ, БНЭУ, Вьетнам, БНХАУ, Узбекистан, Саха БНУ багтжээ.
Наадмын үеэр дараах үндсэн үйл ажиллагаанууд болно:
- Монгол болон гадаадын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт (Д.Сүхбаатарын талбайд)
- Азийн үндэсний хувцастай парад
- Үндэсний хувцасны танилцуулах шоу
- Гар урлалын үзэсгэлэн, худалдаа
- Воркшоп сургалтууд
Анх 2019 онд Улаанбаатар хотод “Азийн ардын урлагийн наадам” нэрээр зохион байгуулагдаж байсан уг арга хэмжээ нь цар тахлын жилүүдэд (2020–2022) цахимаар үргэлжилж, 2023 оноос дахин биечлэн зохион байгуулагдах болжээ. Тус наадмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, “Артлар соёл урлаг” ТББ болон Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциаци хамтран зохион байгуулж байгаа юм.
“Asia Folk 2025” нь зөвхөн соёлын наадам төдийгүй Улаанбаатар хотоор овоглосон соёлын үйлдвэрлэл, аялал жуулчлалын брэнд болж, жуулчид болон дотоодын үзэгчдэд олон орны өв соёлтой танилцах ховор боломжийг бүрдүүлдэг.
Наадмын албан ёсны нээлт 6 дугаар сарын 13-ны өдөр 19:30 цагаас Д.Сүхбаатарын талбайд болох тул сонирхогчдыг өргөнөөр оролцохыг урьж байна.