Нүүр хуудас Үйл явдал ба зарУлаанбаатарын хөгжмийн фестиваль: Намрын хамгийн дулаахан өдөр хөгжимтэй нэгтгэнэ

Улаанбаатарын хөгжмийн фестиваль: Намрын хамгийн дулаахан өдөр хөгжимтэй нэгтгэнэ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Фестивалийн өдөр, байршил

“Ulaanbaatar Music Festival 2025” есдүгээр сарын 20-нд Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “Social pay park”-д зохион байгуулагдана. Тоглолт бүтэн өдрийн турш 12:00 цагаас эхлэн шөнө дунд хүртэл үргэлжлэх бөгөөд зохион байгуулагчдын мэдээлснээр энэ жилийн хамгийн хямд үнэтэй фестиваль болж байна.

Хөтөлбөр ба уран бүтээлчид

Энэ өдөр Монголын шилдэг 50 гаруй уран бүтээлч оролцож, нийтдээ 140 гаруй дуугаа тайзнаа толилуулах аж. Үзэгчид хүссэн цагтаа ирэх боломжтой бөгөөд тухайн өдөр Улаанбаатар хот +20 хэмийн дулаан уур амьсгалтай байхыг цаг уурын байгууллага таамаглаж байна.

Үзэгчдэд зориулсан орчин

Фестивалийн үеэр хамтлаг, дуучдын CD, пянз, подволк, малгай зэрэг мерч бүтээгдэхүүн худалдаалагдана. Өдөр 12:00 цагаас эхлэн хаалга нээгдэх ба DJ нарын сет, зураг авалт, амралт, хоол ундын бүхий л орчныг бүрдүүлсэн. Түүнчлэн орой хүртэл үргэлжлэх тул дулаан хувцаслаж, хүсвэл сандал авчрахыг зөвлөжээ.

Ерөнхий найруулагчийн байр суурь

Фестивалийн ерөнхий найруулагч, МУУГЗ Н.Халиун хэлэхдээ:
“Дэлхийн томоохон хотууд бүгд өөрсдийн нэрийн фестивалиудтай байдаг. Улаанбаатар хот ч өөрийн гэсэн уламжлал болсон арга хэмжээтэй байх хэрэгтэй. Энэ удаагийн фестиваль нь бүх насны уран бүтээлчдийг хамруулж байгаагаараа онцлог. Дөнгөж эхэлж буй залуу уран бүтээлчдээс эхлээд олон жилийн турш олонд танигдсан уран бүтээлчид бүгд оролцож байна. 50 гаруй уран бүтээлчийн 140 гаруй дууг цагийн хуваарьт тааруулах нь амаргүй ч дэлхийн стандартын арга хэмжээ зохион байгуулахын төлөө ажиллаж байна” гэв.

Зохион байгуулагчдын онцолсон зүйл

Фестивалийн зохион байгуулагч, “Сүнс” хамтлагийн дуучин, продюсер СТА Б.Лхагвасүрэн:
“Уран бүтээлчид бүгд өөрсдийн ХИТ дуунуудаа дуулна. Татар, Lumino, Gangbay зэрэг шилдэг хип хоп хамтлагууд оролцож байгаа бөгөөд Өвөр Монголын хамтлаг, дуучид ч тайзнаа гарна” гэж мэдэгдлээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх