2025 оны долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагаас “Улаанбаатарын үдэш-2025” хэмээх Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагдах урлагийн цогц тоглолт нийслэлийн төв талбайд болох гэж байна. Энэхүү шоу нь шөнийн 00:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд жил бүрийн баярын онцлох арга хэмжээний нэгт тооцогддог.
Тоглолтын бүтэц нь үндсэн хоёр хэсэгт хуваагдана:
1. Этник уран бүтээлийн хэсэг:
Энэхүү эхний хэсэгт монгол ардын хөгжмийн өнгө аясыг орчин цагийн хөгжмийн урсгалуудтай уялдуулсан шинэчилсэн найруулгууд багтана. Монгол үндэсний өв уламжлалыг илэрхийлсэн этник өнгө төрхийг техник, дуу, гэрэл, дүрсний шийдлээр баяжуулсан бүтээлүүдийг танилцуулах юм.
2. Рок попын шилдэг бүтээлүүдийн хэсэг:
Хоёрдугаар хэсэгт Монголын рок поп урлагийн нэр хүндтэй уран бүтээлчдийн хамгийн алдартай, хит болсон дуунуудыг үзэгчдэд хүргэнэ. Энэ нь бүх насны үзэгчдийг хамарсан сэтгэл хөдөлгөм мөчийг бэлэглэхээр төлөвлөгдсөн.
Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох бөгөөд тэд нийслэлийн өмчийн тайзнаа, тусгайлан засаж тохижуулсан орчинд үзэгчдийн хүртээл болох юм. Дэлгэц, гэрэлтүүлэг, дуугаралт, тайзны чимэглэл зэрэг нь орчин үеийн дэвшилтэт технологид нийцсэн байх бөгөөд гадаад, дотоодын зочид, жуулчид, залуучууд болон нийслэлийн иргэдэд зориулан хүргэхээр бэлтгэжээ.
“Улаанбаатарын үдэш” шоу тоглолт нь зөвхөн урлагийн наадам төдийгүй нийслэлийн шөнийн соёлын өнгө төрхийг илэрхийлэх томоохон арга хэмжээ болон өргөжөөд байна.