Монголын төрт ёсны түүхэн уламжлалт баяр болох Үндэсний их баяр наадам энэ жил Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн хүрээнд тэмдэглэгдэж байна.
Эдгээр түүхэн ойд зориулсан наадмын хөтөлбөрт уламжлалт есөн хөлт цагаан тугаа цэнгүүлэх ёслол, Төрийн далбааны өдөр, хүчит бөхийн барилдаан, морин уралдаан, сурын харваа зэрэг уламжлалт спорт, соёлын үйл ажиллагаанууд багтсан юм.
Түүнчлэн үндэсний язгуур урлагийн тоглолтууд, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, ардын уламжлалт тоглоом наадам, гар урлалын үзэсгэлэн худалдаа зэргийг нийслэл болон орон нутгуудад өргөн дэлгэр зохион байгуулах бөгөөд наадамчин олны амралт, чөлөөт цагийг соёл, спорт, уламжлал хосолсон үйл ажиллагаагаар баяжуулж байгаагаараа онцлог болж байна.
Наадмын гол арга хэмжээ болох Төрийн хүндэтгэлийн ёслол, соёлын их наадмыг 7 дугаар сарын 11-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.








