“My Voice” шоунаас урлагийн гараагаа эхэлсэн залуу авьяастан
Монголын залуу дуучин Ч.Мишээл өөрийн уянгалаг, хүчирхэг хоолой болон өвөрмөц төрх, урлагийн мэдрэмжээрээ сонсогчдын сэтгэлийг байлдан дагуулж буй. Тэрбээр багаасаа дуучин болохыг мөрөөдөж, Монголын хүүхдийн ордны дуулаачийн дугуйланд суралцан, уран бүтээлийн гараагаа тавьжээ.
2016 онд UBS телевизийн “My Voice” шоу-нд оролцож шилдэг 21 оролцогчийн нэгээр шалгарсан нь түүний урлагийн амьдралд томоохон алхам болсон юм. Үүний дараа “Боловсрол” телевизийн “Яг түүн шиг” шоу-нд оролцон өөрийн хоолойн цар хүрээ, уянгалаг өнгө, өвөрмөц дүр төрхөөрөө үзэгчдийг дахин гайхшруулсан.
Өөрийн дуу, өөрийн шүлэг
Ч.Мишээл уран бүтээлдээ гүн сэтгэл, уран яруу илэрхийллээр ханддаг нэгэн. Тэрбээр “Санаж байна уу” хэмээх анхны бие даасан дуугаа гаргаснаар уран бүтээлийн замналаа эхлүүлсэн бөгөөд дараа нь “Хүслээ бод”, “Чи амласан”, “Ээж” зэрэг бүтээлүүдээ олон нийтэд хүргэсэн. Тэрээр “Чи амласан” зэрэг дууныхаа үгийг өөрөө бичсэнээр зохиол, уран бүтээлчийн хувьд ч авьяастайг харуулсан юм.
Сүүлийн нэг жилд Ч.Мишээл “Bad Blood”, “Дулаан байна”, “Бундан улаан”, “God Is a Woman” зэрэг дуугаа амжилттай танилцуулж, дуу хөгжмийн ертөнцөд өөрийн өнгө аясаар байр сууриа бататгасаар байна.
“Silk Way Star” олон улсын уралдаанд Монголыг төлөөлж байна
Одоогоор Ч.Мишээл Казахстан улсад зохион байгуулагдаж буй “Silk Way Star” олон улсын шоу уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа бөгөөд уралдаанд оролцож буй 12 орны шилдэг дуучдын дундаас нийлбэр оноогоороо тэргүүлж байна.
Түүний уянгалаг хоолой, дотоод мэдрэмж, өвөрмөц хэв маяг нь Монгол уран бүтээлчдийн шинэ үеийн төлөөлөл болж, олон улсын тайзан дээр ч танигдах замыг нь улам тодруулж байна.