Нью-Йоркт загвар ба спортын гайхалтай нэгдэл
АНУ-ын Нью-Йорк хотын Брүүклин дүүрэгт «Victoria’s Secret»-ийн загварын шоу сүр жавхлантайгаар болж өнгөрлөө. 1995 онд анх зохион байгуулагдсан тус шоу 2018 онд түр завсарласны дараа 2024 онд дахин сэргэж, энэ жил шинэ өнгө төрхтэйгөөр үзэгчдийн хүртээл боллоо.
Тайзан дээр алдарт загвар өмсөгчид болох Адриана Лима, Алессандра Амбросио, Белла Хадид, Ирина Шейк, Жижи Хадид зэрэг олон жилийн дараа эргэн ирсэн нь олны анхаарлыг татав.
Спортын ертөнцөөс загварын тайз руу
Энэ жилийн шоуны хамгийн онцлох хэсэг бол анх удаа мэргэжлийн тамирчид загварын тайзнаа алхсан явдал байв. WNBA-ийн “Чикаго Скай” багийн довтлогч Анжил Рийс, олимпын хошой аварга гимнастикчин Сүниса Ли нар “Victoria’s Secret”-ийн тайзан дээр алхсан анхны мэргэжлийн тамирчид болж түүхэнд нэрээ үлдээв.
Өнгөрсөн нэгдүгээр сард Vogue сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн Анжил Рийс энэхүү шоунд оролцохын тулд тусгай багштайгаар алхалтын сургалт авчээ. 23 настай, 191 см өндөртэй тэрбээр талбайн гаднах имиж, хүчирхэг байдал, өөртөө итгэлтэй төрхөөрөө загварын ертөнцөд ч шуугиан тарьж байна.
Олимпын аварга Сүниса Ли — шинэ дүр төрхтэйгээр
Гимнастикийн домог болсон Сүниса Ли нь Өмнөд Хятадын уулархаг нутгаас гаралтай хмонг ястны төлөөлөл бөгөөд АНУ-ын гимнастикийн шигшээ багийн хамт олимпын алт, мөнгөн медаль хүртэж, Токиогийн олимпоос ганцаарчилсан төрөлд нэг алт, гурван хүрэл медаль хүртэж байв.
Спортын талбайд төдийгүй загварын тайзан дээр хүчирхэг дүр төрх, уян хөдөлгөөнөөрөө Сүниса Ли үзэгчдийг байлдан дагуулжээ.

