Санаэ Такаичигийн гар цүнх 145 жилийн брэндийг дахин сэргээв
Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи олон нийтэд үзэгдсэн зурагтаа “Hamano Inc” компанийн “Grace Delight Tote” загварын цүнхийг барьж явсны дараа тус брэндийн нэр хүнд эрс өсөж, захиалгад дарагджээ. 145 жилийн түүхтэй энэхүү арьсан эдлэлийн брэндийг Японы хааны гэр бүлийн гишүүд ч хэрэглэдэг бөгөөд Такаичигийн сонголт уг компанийн борлуулалтад шинэ амь оруулсан байна.
700 грамм жинтэй, тансаг загварын “Grace Delight Tote”
Тус загварын цүнх нь цэвэр арьсан хийцтэй, ердөө 700 грамм жинтэй бөгөөд 136 мянган иенийн үнэтэй аж. Гоёмсог хийц, хөнгөн жин, практик хэрэглээг хослуулсан энэхүү бүтээгдэхүүн нь ажил хэрэгч эмэгтэйчүүдийн дунд эрэлттэй болжээ.
Цахим сүлжээнд тарсан зураг борлуулалтыг нэмэгдүүлэв
Ерөнхий сайдын зураг цахим орчинд түгснээс хойш “Hamano Inc”-ийн дотоод, гадаад захиалга эрс нэмэгдэж, зарим хүргэлт 2026 оны дөрөвдүгээр сар хүртэл хойшлогдох төлөвтэй байна.
Эмэгтэй улстөрчдийн сонголт — шинэ брэндийн боломж
Ийнхүү Такаичигийн сонголт жижиг, дунд брэндүүдийн нэр хүндийг өсгөж буй нэгэн жишээ болж байна. Үүнтэй ижил, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Александриа Окасио-Кортез 2020 онд “Telfar” брэндийн цүнх хэрэглэснээр тус брэндийн борлуулалт эрс нэмэгдэж байжээ.
Эх оронч хэв маягийг илэрхийлэгч Такаичи
Хүнд метал хөгжим, автомашин, мотоциклд дуртай Такаичи Японы үндэсний загвар зохион бүтээгч Жүн Ашидагийн бүтээлүүдийг түлхүү өмсдөг бөгөөд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үзлээрээ танигдсан улстөрч юм. Соёлын мэргэжилтэн Накано-гийн хэлснээр, “Тэрээр хувцас, дагалдах хэрэгсэлдээ үндэсний гаралтай брэндийг сонгодог нь эх оронч үзлийн илэрхийлэл” гэжээ.
