Аялагч, контент бүтээгч Б.Мөнхцэлмэг өөрийн YouTube сувагтаа 144 мянган дагагчтай болж, YouTube-ийн зүгээс 100 мянган дагагчийн босгыг давсан хэрэглэгчдэд олгодог “Silver Play Button” шагналын эзэн болжээ.
Тэрбээр олон улс орноор аялж, тухайн ард иргэдийн амьдрал, соёл, бодит байдлыг харуулсан аяллын видео контентоороо үзэгчдийн талархлыг хүлээж, дагагчдынхаа тоог богино хугацаанд хурдацтай нэмэгдүүлсэн юм.
“Silver Play Button” шагнал нь YouTube-ийн зүгээс контент бүтээгчдийн хөдөлмөрийг үнэлж гардуулдаг бөгөөд компанийн захирал Susan Wojcicki-гийн гарын үсэг бүхий талархлын захидалтай хамт ирдэг онцлогтой.
Шагналын талаар Б.Мөнхцэлмэг өөрийн цахим хуудсандаа:
“YouTube-ийн Silver Button шагналаа хүлээн авч юүтүүбийн ‘тэргүүний ажилтан’ боллоо. Одоогоос дөрвөн сарын өмнө анхны хаягаа устгуулчхаад инээх уйлахын хооронд байхад үзэгч олон та бүхэн минь, Монголын аж ахуйн нэгжүүд минь ‘Урам нь хугарвал бурмаар тэтгэ’ гэдэг шиг улам хүчтэй дэмжиж аяны дөрөөнд минь ахин мордуулж өгч билээ. Бүгдээрээ энэ эрчээрээ эх дэлхийгээ тойрно. Монголчууд хамтдаа аль ч улсын амьдрал дунд нь орно” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Энэхүү амжилт нь зөвхөн нэгэн хүний хөдөлмөрийн үр дүн биш, харин Монгол контент бүтээгчид дэлхийн тавцанд хэрхэн хүчтэй байр суурь эзэлж чадаж буйг харуулж буй тод жишээ юм.