Нүүр хуудас Үйл явдал ба зарЗавханы уран бүтээлчид “Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгийг тайзнаа толилуулна

Завханы уран бүтээлчид “Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгийг тайзнаа толилуулна

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Дилав хутагт Жамсранжавын 140 жилийн ойд зориулсан уран бүтээл

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Дилав хутагт Башлуугийн Жамсранжавын 140 жилийн ойд зориулсан “Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгийг Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид тайзнаа толилуулах гэж байна. Энэхүү бүтээл нь эх орон, тусгаар тогтнолын төлөө зүтгэсэн нэгэн эрхэмийн амьдрал, үзэл санаа, түүхэн хувь заяаг бүжгийн хэлээр өгүүлэх ажээ.

Жүжгийн нээлт энэ сарын 29-нд Завхан аймагт болох бол, арваннэгдүгээр сард Улаанбаатар хотын үзэгчдэд зориулан тоглоно.

Уран бүтээлийн баг ба гол дүрүүд

Бүжгэн жүжгийн зохиолыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ч.Алтантүлхүүр бичиж, найруулагч, бүжиг дэглэгчээр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг ажиллажээ.

  • Ерөнхий продюсер: Топ Нобле тур ХХК-ийн захирал С.Өлзийхишиг
  • Жүжгийн зөвлөх: Дилав Хутагт Данзанламэд
  • Гүйцэтгэх продюсер: Г.Солонго /СТА/
  • Зураачид: Т.Ганхуяг (УГЗ), Т.Аянга (СТА)

Гол дүрд Дилав хутагтыг бүжигчин М.Дэлгэрсайхан (СТА) бүтээж, түүний эцэг, эхийн дүрийг Д.Ганбаатар (СТА) болон А.Отгон (СТА) нар амилуулна. Мөн жүжгийн баатруудад С.Нямжав, А.Цэрэнбалжир, Э.Батдорж зэрэг нэр хүндтэй уран бүтээлчид тоглож байна.

Тайз, гэрэлтүүлэг, хувцас, дуу хөгжмийн дизайн зэрэгт Завхан аймгийн театрын бүтэн баг ажиллаж, тус бүтээлээрээ орон нутгийн урлагийн чанарыг шинэ түвшинд гаргахаар зорьж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх