Ирэх жилийн гол уран бүтээлчид тодорлоо
Америкийн хамгийн том хөгжмийн наадам болох Coachella 2026 оны дөрөвдүгээр сарын 10–12, 17–19-нд Калифорни мужийн Индио хотын Empire Polo Club-т зохион байгуулагдана. 1999 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагддаг тус наадмын үндсэн тайз дээр тухайн жилийн хамгийн алдартай уран бүтээлчид 40 минутаас хоёр цагийн турш үзүүлбэрээ толилуулдаг.
Ирэх жилийн гол уран бүтээлчдийн тоонд попын од Сабрина Карпентер, Латин Америкийн супер од Карол Жи, электро урсгалын төлөөлөгч Анима, мөн саяхан шинэ цомгоороо эргэн ирсэн Жастин Бибер багтжээ.
Түүхэн өндөр үнэтэй гэрээ
Жастин Бибер наадамд оролцохоор 10 сая ам.долларын гэрээ байгуулсан нь Coachella-ийн түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол болж байна. Өмнө нь 2018 онд Бейонсе найман сая ам.долларын гэрээгээр рекорд тогтоож байжээ.
Шууд өөрөө гэрээ хийсэн нь онцлог болов
Биберийн гэрээний бас нэг онцлог нь тэрбээр ямар нэгэн менежер, агентлагийн зуучлалгүйгээр өөрөө хэлэлцээр хийж, гэрээгээ баталгаажуулсан явдал юм. Энэ нь түүний зөвхөн уран бүтээлч төдийгүй бизнесийн хувьд ч бие даасан, нөлөө бүхий байр сууриа бататгасны илрэл болж байна.